-Монгол улс арматур төмрийн хомсдолд ороод байна-

Урин дулаан болж, хөл хорио ч суларсан учир хаа сайгүй барилга байгуулалтын ажил ид өрнөж байна.

Энэ жилийн тухайд короновирусын улмаас хөл хорионд 7 сарын турш хоригдсноос болов уу “Гурвалжин” барилгын материалын зах нам гүмхэн. Учир нь худалдан авах чадвар муудсаны улмаас барилгын материалын захыг зорих хүмүүсийн тоо эрс багасчээ. Хүмүүс барилгын материал авахаас илүүтэй асууж сураглах нь их бөгөөд уулзсан наймаачин бүр гүйлгээ муу байгаа тухай ярьж байлаа.
Тэд тээврийн зардал 5.3 сая төгрөгөөр нэмэгдсэний улмаас бараагаа татаж авч чадахгүйд хүрсэн гэнэ.
Үүнээс гадна “Гурвалжин” барилгын материалын захынхан арматур төмрийн хомсдолд оржээ. Барилгад ашиглагддаг 11 төрлийн арматур төмөр байдгаас энд зарж байгаа ганц ч газар алга. Тиймээс бид Гурвалжингийн гүүр даваад, Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын ойролцоох арматур зардаг хэд хэдэн газраар орлоо. Зарим газар нь дан ганц монгол арматур зарж байсан бол ганцхан газар хоёр хөршийн арматур төмөр зарж байв.
Ерөнхийдөө тээврийн зардал өссөний улмаас нэг тонн арматурын үнэ 2 сая 600 мянган төгрөг болж нэмэгдсэн байна. Ийнхүү үнэ өссөн шалтгааныг наймаачид юанийн ханш болон тээвэрлэлтийн зардал өмнөхөөсөө 5.3 сая төгрөгөөр нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байлаа. Гэхдээ үнэ өсөх хамгийн гол шалтгаан нь арматурын гол түүхий эд төмрийн хүдэр, коксжих нүүрсний ханш дэлхийн зах зээлд чангарсантай холбоотой юм.


Тухайлбал, олон улсын зах зээл дээрх нэг тонн арматурын үнэ өнгөрсөн оны аравдугаар сард 445.5 ам.доллар байсан бол энэ оны тавдугаар сарын байдлаар 643 ам.долларт хүрээд байна. Ингэснээр Монгол Улсад 1.7 сая төгрөг байсан арматурын үнэ 2.6-2.7 сая төгрөг болжээ.
Арматур төмрийн наймаачин Э.Гансүр “Орос, хятад арматур төмөр нэг тонн нь 2 сая 750 мянга, монгол арматур нэг тонн нь 2 сая 300 мянган төгрөгөөр зарагдаж байна. Арматурын гол түүхий эд болох төмрийн хүдэр, коксжих нүүрсний үнийн савлагаа үүсч, Монгол Улсад худалдаалагдах арматурын үнэ нэмэгдсэн. Хоёрдугаарт, хил, гааль дээр байдал хүндхэн байна. Өмнө нь өдөрт 200-300 машин ордог байсан бол одоо 50 машин л орох жишээний. Хилээр цөөн машин оруулж байгаагаас үүдэн тээврийн зардал өссөн. Монгол, Хяталын хил хооронд таван километр. Бараа материалаа ачаад, Эрээнээс Замын-Үүдэд ирэхэд тээврийн зардалд бид 6 сая 620 мянган төгрөг төлж байна. Өмнө нь 1 сая 320 мянган төгрөг төлдөг байсан. Тээврийн зардлын үнэ бараан дээр нэмэгдэнэ. Үнэ нэмж л зарахгүй бол ямар ч ашиггүй. Гуравдугаарт юанийн ханшийн өсөлт 444-д хүрээд байна. Тиймээс барилгынхан бүтээгдэхүүн авах гэхээр барааны үнийн өсөлтөөс гадна арматур төмрийн хомсдолтой нүүр тулж байна” гэлээ.

Барилгын салбарынхан ихэвчлэн хятад арматур авдаг бөгөөд монгол арматурын худалдан авалт муу байдаг аж. Өдгөө Монгол Улсад арматурын төмөр үйлдвэрлэдэг 15 жижиг үйлдвэр байдаг ч цар тахлаас үүдэн өнгөрсөн жил “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ээс бусад нь ажиллаагүй байна. Уг нь дээрх үйлдвэрүүд 350 орчим мянган арматурын төмөр үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Төмөр бүтээгдэхүүнүүд Монголд ирээд эрэлтээ дийлэхгүй байгаа учир төмөр болон арматурын үнэ өсөх хандлагатай байгааг наймаачид онцолж байлаа.
Хувийн байшин барьж байгаа иргэдийн хувьд тэр бүр арматур төмөр хэрэглэддэггүй. Шаардлагатай тохиолдолд хуучин арматур төмрийг 5-н шарын цаана байрлах Төмрийн нэгдсэн хог хаягдлын цэгээс авах нь бий. Өмнөх жилүүдэд хуучирч муудсан арматур төмрийн хаягдал 1 кг нь 200 төгрөгийн үнэтэй байсан бол энэ жил 1000 төгрөгт хүрч өсчээ.