Монгол Улс борооны улиралтай болчихжээ. Зуны эхэн сар гарав уу, үгүй юу бороотой өдрүүд элбэгшиж хүн болгон куртик, усны гутлаас салахаа болив. Жилийн жилд зун бүр ус зайлуулах шугам, борооны улмаас үүссэн автозамын эвдрэл гэмтэл яригддаг. Мөн хотын гэр хорооллынхоны орчинд хөгжил даллах бодлогыг үргэлж ярьдаг.


АЖ АХУЙН НЭГЖИЙН БУРУУГААС УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ ГЭМТДЭГ

Нийслэлийн хэмжээнд нийт 170 гаруй километр замд ус зайлуулах шугам, сүлжээ ашиглагддаг аж. Өөрөөр хэлбэл, таван дүүргийн хэмжээнд гадаргуугийн ус зайлуулах, далд инженерийн шугам сүлжээ байгааг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга М.Болд-Эрдэнэ хэлж байна.
Улаанбаатар хот нь дөрвөн уулаар хүрээлэгдсэн үерийн эрсдэлтэй бүсэд тооцогддог. Тиймээс үерийн аюулаас урьдчилан сэргийлж суваг, шуудуу, далангаа сайн барих хэрэгтэй хэмээн ярьдаг ч өнөөдрийг хүртэл энэ асуудлыг шийдэж чадаагүй байна. Шинээр суваг, шуудуу барьсан ч үүнийгээ анхаарахгүй байсаар хогоор дүүрдэг. Харин бороо орохоор нөгөө суваг, шуудуугаа ярьж эхэлдэг. Нийслэлийн хэмжээнд далд хэлбэрийн борооны ус зайлуулах шугам сүлжээ 180 гаруй км байдаг. Авто замын гадаргуугийн усыг 2,000 орчим худгаар дамжуулан авч зайлуулдаг талаар албаны эх сурвалж мэдээлсэн юм.
Сүүлийн байдлаар Усны гудамж, “И-Март” худалдааны төвийн уулзвар, Токиогийн гудамж, Ганц худгийн авто зам, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын зам, Энхтайваны гүүрний зүүн талын төмөр зам доогуурх нүхэн гарцуудад ус зайлуулах шугамын ажил үргэлжилж байгаа юм. Жил бүр борооны ус зайлуулах далд шугам сүлжээ шүүрт болон үзлэгийн худгуудад цэвэрлэгээ, урсгал засвар, нөхөн сэргээлтийн ажил хийгддэг гэдэг.
Ингэхэд зарим иргэн, аж ахуйн нэгжийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан эвдрэл үүсдэг хэмээн албаныхан хэлдэг билээ. Аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүй холболт хийж, худгийн ачааллыг нэмэгдүүлдэг, шүүрт худаг руу замын шороо болон хог хийж битүүрүүлэх, дур мэдэн барилга байгууламж барих зэргээс шалтгаалж борооны ус зайлуулах шугам сүлжээ хэвийн ажиллах боломжоо алддаг гэнэ. Нийслэлийг анх 600 мянга гаруй хүн амд төлөвлөн барьсан байдаг бол өдгөө хүн ам нь 1.3 сая хүрсэн байна.
Жил ирэх тусам хөдөөгөөс хотыг зоригсдын тоо нэмэгдсээр байдаг. Нийслэлийн даац ийнхүү хэтэрсээр байгаа тул үерийн эрсдэлтэй газар буух нь түгээмэл болсон. Өнгөрсөн жил үерийн эрсдэлтэй нөхцөлд 2000 гаруй айл байсан бол энэ жил уг тоо өөрчлөгдөөгүй байгаа юм. Тэдгээрийн 1700 гаруй нь газар эзэмших, өмчлөх зөвшөөрөлгүй аж.

Нийслэлд томоохон замуудын ажил эхэлчихсэн, зарим засвар дуусчихсан байгаа ч энэ жил ус зайлуулах төхөөрөмжийг суулгасан зам нэг ч байхгүй гэнэ. Энэ жил нийтдээ 114 тэрбум төгрөгөөр томоохон засварын ажлуудыг эхлүүлэхээр болсон ч цар тахлын нөхцөл байдлаас эцсийн шийдвэр гараагүй аж.
Ус зайлуулах шугамаа ийнхүү хэрэггүй хэмээн үзсэн үү, хийхээ таг мартсан уу олон тэрбумын зам борооны усанд дахиад л “дэвтэх” нь ээ.
Мөнгө булсан чанаргүй замын ажлын хажуугаар борооны ус зайлуулах шуудуу хийж болдоггүй юм уу.

БОРООНЫ УСАА АШИГЛАХ БОДЛОГО ХЭРЭГТЭЙ

Манай улс хөрсний усаа хайр гамгүй ашиглах хэрнээ байгалийн усаа ашиглах бодлого дутмаг байна. Борооны ус зайлуулах шугам шуудуугаар гарч байгаа ус инженерийн далд шугам сүлжээгээр урссаар уулын жалга, суваг, шуудуунд хаягддаг гэнэ.
Тухайлбал, Сүхбаатарын талбайн баруун талын шугам гэхэд Дунд голын хажууханд, XIII хороолол орчмынх Сэлбэ, Туул голын ойролцоо жалганд асгардаг байна. Энэ мэтээр хол замыг туулж хаягддаг учир хувь хүн, албан байгууллагууд замын ус зайлуулах хоолойг хамгаалж, зам зуур нь хогоо хиймээргүй байна гэдгийг албаныхан хэлж байгаа юм.