Өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Жилийн жилд энэ өдөр хүүхдийн эрх хаана хамгийн их зөрчигдөж байгааг хэвлэлүүд уралдан бичиж, эвийлдэг боловч үнэндээ хүүхдийн зөрчигдөж байгаа эрхийг сэргээхдээ хойрго ханддаг. Мөн Төр засаг нь хүртэл УЛС ТӨРИЙН СОНГУУЛИА нэгдүгээрт тавьж, ХҮҮХЭД ХАМГААЛАЛ болон хүүхэдтэй холбоотой бусад асуудлыг хойш нь тавьж байх жишээний. Тухайлбал, сүүлийн хоёр жилд хүүхдийн баярыг тэмдэглэхийг хориглож, өөрсдөө “сонгуульдаж” байна.


Тэднийг анхаараагүйгээс, хайрлаагүйгээс хүүхдийн хүмүүжлийн доголдол, цаашлаад гэмт хэрэгт холбогдох асуудал байсаар байна. НЦУГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Оюуны хэлж буйгаар гэр бүлийн байдал, ажилгүйдэл, архидалт гэх мэт олон зүйл нөлөөлдөг. Гэвч хүүхдийн үйлдэж байгаа гэмт хэрэг олон төрлийн онцлогтой. Зарим тохиолдолд санхүүгийн байдлаас буюу өөрт хэрэглэгдэх мөнгөн хэрэглээгээ өсгөх, мөн бусдын дарамтанд өртөн дээрэм, танхайн гэмт хэрэг үйлдэх тохиолдол байдаг. Гэхдээ, зарим тохиолдолд бусдын анхаарлыг татах гэж эдгээр үйлдлүүдийг хийх ч тохиолдол байдаг. Нийт гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүдийн 80 орчим хувь нь эцэх, эх буюу асран хамгаалагчдийн хайхрамжгүй байдлаас үүдэн гарсан байдаг. Анх тухайн хүүхэд гэмт хэрэг үйлдэхгүй боловч буруу зан үйлд хэвшчихсэн, буруу байдлаар бусадтай харилцдаг, маргалддаг гэх мэт зан үйл ажиглагддаг байж байгаад дараа нь хэн нэгэн анзаарахгүй тухайн буруу үйлдлийг нь засах талаар хэлж зөвлөхгүй, туслаагүйгээс мөн бусдад хүлээн зөвшөөрөгдөх, анхаарлыг нь татах гэх мэт янз бүрийн шалтгаанаар үйлддэг. Зонхилох шалтгаан гэхээс илүүтэй зарим тохиолдолд гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдээгүй ч тохиолдол байдаг” гэжээ.

Болсон явдал

Нэг хүүхдийн жишээг татвал гэр бүлийн салалтын улмаас эмээ дээрээ байдаг. Эцэг эхийн анхаарлыг татах маш сонирхолтой, Томчуудын санааг л зовоож байвал намайг тоох байх гэсэн бодолтой болчихсон айлын ганц хүүхэд байсан. Энэ хүүхэд сургуулийн орчинд танхайрдаг, хүүхэд дээрэлхдэг байж байгаад олон улсын эмэгтэйчүүдийн баяраар найз охиндоо бэлэг авах гэж яваад мөнгө дутсан шалтгаанаар бусдын эд зүйлийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн. Тухайн хүүхэд эрүүгийн хариуцлага хүлээх насны хязгаарт хүрсэн тул хорих ял шийтгэгдээд явсан харамсалтай тохиолдол гарсан. Хүүхдийн эмээ нь их сайн анхаарал тавьдаг байсан. Дараа нь хүүхэд хорих ял хойшлон алдаагаа ухамсарлан маш сайн хүүхэд болсон. Хэдийгээр хүүхэд харамсалтай байдлаар алдаа гаргадаг боловч маш сайн залруулж

Муу хүүхэд гэж хэн бэ?

Сургуулийн орчинд хүүхдүүдийн нийлдэг, нөхөрлөдөг байдлаар нь тэр муу хүүхэд, чи тэрэнтэй нийлээд л сурлагадаа муудаж байна, буруу үйлдэл гаргаад байна гэх эцэх эхчүүдийн явцуу хандлагаас үүсэлтэй. Муу хүүхэд гэж байдаггүй. Хүүхэд анхан шатандаа гэр бүлээс дараа нь цэцэрлэг, сургуулийн орчноос хүмүүжил зуршлыг олж авч байдаг. Томчууд бага насны хүүхдийн сахилгагүйтэлийн буруу үйлдэлтэй нь хамаатуулан тухайн хүүхдэд муу хүүхэд гэсэн тодотголыг зүүлгээд, хүүхэд тухайн тодотголд итгээд том болчихдог. Энэ хүүхэдтэй нийлж болохгүй муу хүүхэд болно гээд л хажууд нь ярьдаг, багш нь анги дотроо нийтэд хэлдэг. Энэ хүүхдийг өөр ширээнд суулгаад өгөөч, өөр ангируу шилжүүлээд өгөөч гээд томчууд л ад үзээд байдаг. Урьд нь эцэг эхийн зөвлөл хуралдаад хүүхдийг сургуулиас хөөх шийдвэр гаргуулчихдаг байсан. Эргээд л багш тухайн хүүхдийн ар гэрт мэдээлэл дамжуулахдаа танай хүүхэд болохгүй байна гэсэн ойлголт мэссэжийг өгчихдөг. Гэтэл эцэг эх маань хүүхэдтэй хэрхэн харилцах уу, хүүхдэд маань муу хүүхэд гэсэн нэр зүүсэн учир бид ямар арга хэмжээ авах уу гэж бодохгүйгээр чамаас л бүх зүйл боллоо, чи муу байна гэж эхэлдэг. Гэтэл хүүхэд өөрөө буруу зүйлийг санаатайгаар хийгээгүй байж магадгүй, зүгээр л бяцхан дэггүйтэл байсан ч байж болно. Үүнээсээ болоод муу гэдэг тодотголын авчихаараа би угаасаа л муу хүүхэд юм байна, юу ч хийсэн муу л хүүхэд байх юм байна гэсэн бодолтой болдог. Магадгүй хүүхэд муу зан үйлээ үргэлжлүүлэн хийсээр байхад нь томчууд анзаарч засахад нь туслахгүй л бол илүү буруу зүйлрүү бид хүчээр түлхэж оруулаад байгаа гэсэн үг юм . Муу гэдэгт нь итгүүлээд байна гэсэн үг. Тэгэхээр ингэж ялгаварлан гадуурхахгүйгээр хүүхэд нэг удаа алдаа гаргасныг муу гэдэг тодотголд оруулж болохгүй. Хэзээ ч төрмөл муу хүүхэд гэж байдаггүй. Хүүхдийг томчууд муу хүүхэд болгож хүмүүжүүлчээд энэ муу хүүхэд гэж ялгаварлан гадуурхдаг.

Иймээс хүүхдэд буруу зүйл хийсэн бол тэрийг нь буруу гэдгийг нь ойлгуулж засах боломж олгох, дахин тухайн үйлдлийн давтахгүй байх ухамсар ойлголтыг өгөх нь л хамгийн чухал.