“Боди” групп, “Голомт” банк хэмээх хоёр том байгууллагаар овоглодог Д.Баясгаланг Паркийн газрын маргааны улмаас хэвлэлүүд онцлон бичих болсон.

Хэзээд “үл үзэгдэгч” байсан тэрээр энэ удаад ч ил гар ирж дуугарсангүй. Холоос байдлыг ажсан шигээ бизнэсийн хамтрагч, хоёр найз болох УИХ-ын гишүүн Л.Болд, М.Зоригт нарыгаа урдаа халхавч хийсээр нам гүм амьдарч буй. Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй цэл залуу наснаасаа нөхөрлөж, хоёр том группыг болсолцсон гурван найз хэдэн жилийн өмнөөс түр тар хийсэн гэх.

Гэхдээ тэд бизнэсдээ ЦЭГ тавиагүй. Хоёр найз нь улс төрийн тогоонд орж, сайдын албан тушаалд хүртлээ явсан ч Д.Баясгаланд улс төрд орох сонирхол огтоос төрөөгүй гэдэг. Энэ тухайгаа “Надад улс төрийн амбиц байхгүй” хэмээн хэвлэлд ярьж байв.

 

Нээрээ ч тэр УИХ байтугай НИТХ-д нэрээ дэвшүүлж явсангүй. Тэр зүгээр л бизнэсээ хийгээд мөнгөө олоод явах сонирхолтой нэгэн.