Зава Дамдин гуай ба Майдар

Дэлгэрийн Чойрын хийд дээр жил бүрийн зуны эхэн сарын хорин тавны өдөр Майдар эргэх ёслол болдог болсон учрыг өгүүлбээс, урьд цагт манай хийд олон жил сонгосон газаргүй тул тэмээгээр нүүж, гэр өргөө барин хурлаа хурж, номд шамдан байгаад Зава Дамдин гуай бээр Мэргэн Шовгор лам, Утай уулын Их дияанч лам тэргүүтэй олон мэргэд болон ялангуяа эцэс дор наймдугаар Богд хаанд нягтлан айлтгаад Дайчин Бэйсийн Хошууны Дэлгэрцогт уулын энгэрт Гүнжаргалант шандын эхэнд Дашчойнжирлин буюу Богд хааны шагнасан алдар Чойен Одсаллин хийдээ 1918 онд байгуулснаас олноо Дэлгэрийн Чойр хэмээн алдаршсан хийд дээр хурал ном, сургууль дацан эхэлсэн цагаасаа Майдар эргэх ёслолыг хийж байсан тухай Зава Дамдин гуай “Чойен Одсаллингийн түүх хавар цагийн хөхөөн дуу” хэмээх сударт дурдсан ба Майдар эргэх ёслолыг хийх болсон уг гарвал болон түүхийг “Нанхиадын Фасяан (МЭ 337-422) ламын замын тэмдэглэл”-ийг орчуулж тайлбар хавсаргасан буй. Фасяан лам бээр Ли орон хэмээн алдаршсан тэр үеийн Уйгар гүрэн одоогийн Дээд Монголын орноор зорчиж Энэтхэг Хутагтын орноо морилохдоо Монгол оронд Буддын шашин ихэд дэлгэрээд зарим хот балгадад хаад, хатад, ноёд түшмэд, ард олноороо Бурхадын дүр, ном судрыг үзэсгэлэнт морь тэргэн дээр залж ордон сүмээс гадаалан хотын гудамжаар тойрохуйд бүх нийтээр хүндэтгэл үзүүлэн, хүжис анхилуулж, хивс болон торго дурдангаар чимгэлэн, залуу охид, хөвгүүд байшингийн дээрээс цэцгийн хур буулгах, элдэв хөгжмийн зэмсэг дуурсгах, бүжиг дууриал үзүүлэх тэргүүтнийг үгээр хэлэхийн аргагүй гайхамшигтай үйлддэг соёлын тухай тэмдэглэснийг Зава Дамдин гуай тэр үеийн Монгол орноо дэлгэрсэн Их Хүрээ болон бусад хийдүүдийн Майдар эргэх ёслолтой дүйцүүлэн айлдсан байдаг.
1937 онд Их Хүрээний сүүлчийн Майдар эргэж зүүн хойно заларч байхад Зава Дамдин гуай хэдэн шавь нарын хамт морилж очиход Хүрээ гэсгүй Гомбодо гуай хүндэтгэн угтаад олонд хандаж их дуугаар Зогс!” хэмээн айлдахуйд Хүрээ Майдар тэр аяараа зогсож, Зава Дамдин гуайг тэргэн дээр урьсанд Их Майдар бурханд хадаг өргөн ерөөл тавиад маш ихэд хайлсан гэдэг. Тэндээс удалгүй зуны эхэн сарын хорин тавны “Дагинасын буулттай өдөр” тэр бээр Гандангийн дэнж дээрх номын өргөөндөө очир завиллаар оршиж бясалгалын агаарт жанч халсан бөгөөд шадар агч шавь нар нь тэргэн дээр залж Хүрээнээс нууцаар гарч Дэлгэрцогт уулын хүрээний баруунтаа Цамын Ус хэмээх ариун дагшин газар шарилын суварга байгуулж жинсрэг өргөн чандарлахад зүрх, хэл, мэлмий гурав нь шатал үгүй нэг бөлөг мөнгөн ус мэт мэлтэгнэж байгаад шүтээн болж үлдсэн нь одоо Соёмбот Оронд залаатай буй.
Тэр цагаас хурал ном, шашин соёл хаагдсан ба 1990 оны цагаан морин жил ард түмний ариун сүсэг бишрэл болон эр зориг, эрдэм үйлсээр эрх чөлөөтэй болж, хурал ном сэргэхэд Зава Дамдин гуайн отгон шавь нар болох Гэнбэл, Мятав, Даваа гуай тэргүүтэй олон өвгөн лам нар Багшийгаа дахин хийддээ морилохыг бэлгэдэж жил бүрийн зуны эхэн сарын хорин таванд Майдар эргэх ёслолоо үйлддэг болсон ажээ.
Майдар нь Энэ Галбын Сайн Цагийн Мянган Бурханы тав дугаарх агаад Өнгөрсөн, Одоо, Ирээдүй гурван цагийн Бурхадын Ирээдүй цагийн Бурхан мөн.
Чингэвээс яагаад одоо бидний Будда Шагжамунийн шашны үед ирээдүй цагийн Бурханыг урин залах ёслол хийж байна вэ хэмээвээс, Майдарын гэгээн өөрөө Бодьсадын дүрээр Буддагийн найман ахмад шавийн нэг болж залраад Бурханы шашинд туслах үүрэгтэй бөгөөд асрахуй сэтгэлээрээ алдаршсан учир цөвүүн цагийн амьтанд элдэв хувилгаан дүрээр хүмүүн хийгээд адгуус, амьтай ба амьгүй дүр нүгүүд дор хувилан тусалж явдаг Их Бодисун агаад аливаа амар амгалан, сайн сайхан, өлзий хутаг, сайн цаг, сайн төрөлхийтнийг урин ирэхүйн бэлгэдэл бөгөөд ер Майдар нь Сайн цагийн бэлгэдэл болсон ажээ.
Түүний алдрыг Тэнгэрийн хэл бээр Майтрияа буюу Майдар, Төвд цастын хэл бээр Жамба, Монголын хэл бээр Асрагч хэмээмүй.
Зава Дамдин гуай Майдар Бурханд зориулж “Хутагт Итгэл Майдарын мөргөл, тахилын уншлага амар хялбар анхааран авахуй лугаа талбисан Утга Төгс Оньст Шат хэмээх оршвой” хэмээх тэргүүтнийг айлдсан нь эдүгээ гадаад дотоодын зарим хийд оронд Майдар эргэх ёслолыг мянган тахил өргөх тэргүүтэй зан үйлтэй нь хавсаргаж үйлддэг буй.
Бас Майдарын гэгээн нь Гандан буюу Түшидийн орны эзэн бөгөөд тэрхүү орноо Тэнгэрийн хан хөвүүний ёсоор залран буй тухай “Майдарын орны талбил”-д тодорхой гардаг ба эдүгээ Улаанбаатар хотын төв дэх Чойжин Ламын Сүмийн гол Занхан сүмд Майдар болон Авид Бурханы шингод буюу орны талбил эртний эрдэмт Монгол урчуудын сийлбэр, хөөмөл, хэлхэх, будах, угсрах, байгуулах тэргүүтнээр нарийвчлан гоёмсгоор бүтээсэн нь оршсоор буй.
Манай Өндөр Гэгээн болон түүний шавь нар Майдар Бурханыг тэнгэрийн хөвүүний хэв маягтай, мөнх арван зургаан настай, хив торгон хувцадтай, эрдэнийн эрих зүүж орой дээрээ Бодь суварга болон чандмань эрдэнээр чимсэн, лагшин үл ялиг гунхасхийн, зүүн өлмий дээрээ бат зогсож баруун өлмийгөө амсхийсэн, баруун мутраар номын хүрд эргүүлэх чагжатай, зүүн мутраа сунгаж дүүрэн рашаант хумх соёрхсон, бүтэн лянхуа, саран дэвсгэр дээр оршсоноор ихэвчлэн бүтээсэн байдаг нь гагц урлагаараа л дэлхийн эрдэмтэн мэргэдийг гайхан бишрүүлж байдаг нь өөр хаа ч ингэж бодитой болоод нарийн төгс урлаагүйд байдаг болов уу хэмээн олон мэргэд хэлэлцдэг.
Майдар бурханы тэрэгний морь нь ногоон байдаг нь Багш нараас асуухад Язгуурын таван Бурханы Үйлсийг Бүтээгч Амугасиди лагшин нь ногоон өнгөтөй тул Их Үйлсийг бэлгэдсэн байх, өөр бас мэргэдээс асуугаарай хэмээн айлдсан юм. Бас мөхөс би эх, эцгийн нутагт очоод ногоон морь буюу ногоон зүсний морь байдгийг мэдэж авсан агаад тийм зүсний адуу энгийн үед харахад хар хүрэн мэт харагдах боловч өглөө наран мандах ба оройн наран шингэхийн өмнө нарны гэрлийн наагуур давхиж ирэхийг нь ажиглаваас нарны туяанд зүс нь нов ногоорон гялалзаж байхыг тэр адууны эзэн болох мэргэн ардаас сурсан юм. Тийм учир ногоон морь гэдэг нь тийм ч хийсвэр зүйл бус ажээ.
Тэрхүү Майдарын орон Түшидийн гэгээ манай Гандангийн дэнж дээр туссан учир Богд нар Гандантэгчэнлин хийдийг энэ дэнж дээр байгуулсан ба орчлонгийн хамгийн сайхан Майдар Их Хүрээнд эргэж байж дээ хэмээн эртэн эдүгээгийн мэргэдийн аман гэгээнээс сонссон агаад түүнийг дүрсэлсэн гайхамшигт Монгол зураг эдүгээ Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейд залаатай буй.
Одоо ч хүрээ хийдүүд сайн цаг, сайн сайхныг бэлгэдэн Майдар эргэх ёслол үйлдэн сайн буян хурааж байгаа нь хүн төрөлхтний эв нэгдэл, энх тайвны төлөө хийж буй нэн гайхамшигт нэгэн их соёл гэгээрэл болой.
Зава Дамдин ринбүчи
04.06.2021.
Зуны эхэн сарын хорин таван.
Дэлгэрцогт уул, Соёмбот Орон