“Харанга”-ын Ц.Энхманлай гэвэл түүнийг Монголд мэдэхгүй, танихгүй хүн үгүй биз. МУГЖ, нэртэй гитарчин энэ эрхмийг төмөр замаас ажил амьдралын гараагаа эхэлсэн гэдгийг тэр бүр мэдэхгүй байж болох юм. УБТЗ-ын 71 жилийн түүх бол бахархал ололт, амжилтын түүх.


Тэрхүү амжилт бүтээлийг хөлс хүчээрээ бүтээсэн үе үеийн төмөр замчдын түүх юм. Энэ байгууллагын өнгөрсөн түүх Монголын тээврийн салбарт ноён оргил байснаас гадна улс эх орны хөгжилд шинэ үеийг нээсэн, урлаг, соёл, спортын хөгжилд ч онцгой нөлөөтэй байж, эгнээнээсээ олон алдартнуудыг төрүүлсэн бахархалтай.
Энэ их айлын халуун бүлээс алмаз мэт гялалзсан авьяас билэгтнүүд төрөн гарч, нэр цуугаа дуурсгасан нь цөөнгүй. Тэдний нэг нь “Харанга” хамтлагийн ахлагч МУГЖ Ц.Энхманлай юм.

Ихэнхдээ даруу, дуу цөөтэй байдаг түүнтэй анх удаа удаан ярилцаж үзсэн минь энэ.
Үерхэл, нөхөрлөлдөө бас стильдээ, рок хөгжимдөө хамгийн гол нь “Харанга”-даа үнэнч түүнийг цагтаа Улаанбаатар хотын сайхан залуучуудын нэг байсан гэдэг. Бидний ярилцах мөчид тэрээр урт үсээ хойш нь боож, өөрийн рок хэв маягаа эвдэн тун ч даруухан хувцасласан байв.

Харанга” хамтлагийн ахлагч, ая зохиогч, гитарчин, Ц.Энхманлайтай ярилцлаа.

Таныг өмнө нь энд тэнд харж байхдааихэнхдээ урт үсээ задгай тавиад бас Жон Ленноных шиг бөөрөнхий шил зүүсэн байдгыг санаж байна. Харин өнөөдөр үсээ боогоод, бас л нөгөө бөгжөө зүүчихсэн байна. Ер нь гарын эрхий хуруунаас бусад хуруун дахь бөгжнүүд, савхин хүрэм… жинхэнэ рок стиль, сонгодог хувцаслалтуудын нэгэн төрөл гэдэг байх аа.

-/Инээв/. Хүний сонирхол янз бүр. Нэг хэсэгтээ хүний анхаарлаас гарах шаардлага ч байдаг. Нэг хэсэгтээ яг өөрийнхөөрөө байх хэрэг гарна. Гэхдээ өнөөдөр хэвлэлийн хуралтай учраас үзэгч түмнээ хүндлээд ингээд хувцаслачихлаа. Миний хувьд үсний засалт, хувцаслалт харин ч их даруухан шүү дээ.

Бөөрөнхий хэлбэртэй нүдний шил рок хөгжимд Жон Ленноноос “гаралтай” гэдэг. Танай хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн ч мөн бөөрөнхий хэлбэртэй нүдний шилээр гангардаг. Энэ шил ямар нэгэн утга санааг илэрхийлээд байна уу, эсвэл энэ зөвхөн Ленноны сонголт байна уу?

-Бөөрөнхий шил 2000-3000 жилийн өмнө ч байсан. Урлагийнхан дотор имиж болгон зүүсэн хүн нь харин Леннон байдаг. Дээр үед бөөрөнхий шилийг эрдэмтэд ихэвчлэн зүүчихсэн байгаа харагддаг. Ер нь өөрт юу таалагдаж байна түүнийгээ л хүн өмсч зүүх хэрэгтэй. Гэхдээ хүн дууриах биш. H &M эсвэл LV өмсөөд зохихгүй бол мянган LV байгаад ч хэрэггүй шүү дээ. Түүний хажууд харин надад сайхан даалимбан шарваар илүү зохиж болно. Тиймээс хүн өөр өөрийн төрх байдалдаа зохицуулж, хувцаслалтаараа мөн юуг илэрхийлэхийг хүсч байна,түүндээ зохицуулж л хувцаслах ёстой байдаг байх.

Та хувцаслалт, стиль, имиждээ хэр анхаардаг вэ?

-Нэг их анхаарах нь ч хаашаа юм бэ. Гэхдээ сурсан юмыг сураар боож болдоггүй гэдэг шиг хаана ч явсан миний нүдэнд тусдаг зүйлс гэвэл хар савхин хүрэм, савхин өмд. Хувцаслалт бол хувь хүний өөрийн сонголт. Юу хүсч байна, яамаар байна түүнийгээ дагаж л хувцас өмсөх сайхан.

Та бол Монголын “том” хамтлагийн ахлагч хүн шүү дээ. Хамтлагийн гишүүдээ загнаж, зэмлэх тохиолдол байдаг уу?

-Намайг их зөөлөн хүн гэдэг юм. Гэвч хэлэх үедээ хатуухан хэлчихдэг. Хааяахан ганц л хэлдэг. Олон удаа хэлдэггүй. Хэлэхдээ бас нуршдаггүй. Хэлсэн үгийг минь харин “Харанга”-ынхан “юу билээ нээрэн…” гэсэн байртай хүлээж авдаг. Ганц ахлагч ч биш бидний хэн нь ч хатуухан үгийг хэлэхэд бусад нь түүнийг хүлээж авч чаддаг хүмүүс байдаг. Миний алдааг хэлэхэд би хүлээж авна. Чукагийн алдааг хэлэхэд Чука хүлээж аван түүнийгээ засна. Ингэж хамтлаг гэдэг үгний утга нь ч мөн үүнд оршино.

-“Харанга” хамтлагийг тайзан дээр гарч ирэхэд үзэгчид сэтгэл догдлон хүлээн авдаг. Үүнтэй адил танд гарахаас сэтгэл тань догдолдог тайз гэж байв уу?

-Тэр бол 1989 онд тоглогдож байсан “Харанга” хамтлагийн “Амьдрал” нэртэй тоглолтын тайз байсан. Ер нь уран бүтээлч хүн хэзээд тайзыг хүсч мөрөөдөж явдаг. Тайз руу гарах гэж яарч байдаг. Шинэ дуу хиймэгцээ түүнийгээ хүмүүст хурдан хүргэх юмсан гэж мөн яарч байдаг.Энэ утгаараа уран бүтээлч хүний зүрх сэтгэл байнга л яарч, догдолж байдаг.

Хүсэн хүлээсэн тайзан дээрээ гарах сайхан байдаг байх, тийм үү.


-Уран бүтээлч бүрийн хүсэл мөрөөдөл дунд янз бүрийн тайз байдаг байх. Харин надад хүсэн хүлээдэг тайз гэж байдаггүй. Хүний сэтгэлд ая, дуугаа хүргэж чадаж байвал хамгийн том тайз тэр шүү дээ.

-”Харанга” хамтлагийн “Үгүйлэн санана”,”Манан” зэрэг дуунуудыг дуулахад үзэгчид их дуртай байдаг. Харин таны хувьд “Харанга”- ын ямар дууг дуулахад сэтгэл тань илүү ихээр хөдөлдөг вэ?

-Бүх дуугаа дуулахдаа л догдолдог. Хөгжимчин, дуучин ялгаагүй уран бүтээлч хүн өөрийнхөө дотоод сэтгэлийг хүмүүст хүргэх ёстой байдаг. Энэ утгаараа би дуулж байгаа дуундаа өөрөө хөглөгдөж, түүндээ уярч өөрийн дотоод сэтгэлээ гар, хөл, хоолойндоо оруулж байж миний уран бүтээл хүмүүст хүрдэг.
Наадам дөхөөд ирэхээр “Толин хул” дуу хүчээ авдаг. Энэ дууны тухай танай хамтлагийн продюсер, гитарчин Ц.Чулуунбат хэлэхдээ “манай хамтлагийн хийморийг дууддаг дуу юм” гэж хэлж байсан. Энэ дууг хүмүүс, та бүгдээр дуулуулах дуртай байдгийн учир нь юундаа байдаг юм бол. Та юу гэж боддог вэ?
-Монгол хүн бүрийн бахархал бол наадам байдаг. Тэр дундаа морь, бөх, сур. Энэ гурван аугаа том соёлын нэг болох морины тухай дуунд Чука маань ая хийхдээ морины эрч хүчийг, монгол хүний сэтгэл хөдлөлийн хэмжээтэй хослуулж зохиож чадсанаараа гайхалтай уран бүтээл болсон. Энэ дууг зохиосных нь төлөө Чукагаа хайрлаж, хүндэлж биширдэг юм.

Та миний нэг асуултад худлаа хариулчих шиг л боллоо. Ямар тайзан дээр гарахаар догдолдог вэ гэж асуусан. Гэтэл та хамтлагийнхаа гишүүн Ц.Чулуунбатын тоглолтын тайзан дээр яг л “Guns n roses” хамтлагийн “November rain” дууны клип дээр гардаг шиг үсээ сэгсчүүлж байгаад л гитарын гайхалтай тоглолтыг түүнтэй хамтран үзүүлсэн нь үзэгчдийн хувьд урьд хожид цөөхөн тохиох үйл явдал болсон шүү дээ.

-Яахав таны асуултад би дутуу хариулсан байж болох юм. Тайзан дээр бидний хөгжмөө тоглож байгаа сэтгэл зүрхийг үзэгчид нь ойлгож хүлээн авч байгаа тэр тайз бол хамгийн эрхэм тайз. Түүнээс биш ямар ч том тайзан дээр дууллаа гээд түүнийг хэн ч ойлгож хүлээж авахгүй бол дуулаад ч нэмэргүй шүү дээ. Аравхан хүнтэй танхимд дуулсан ч тэр арван хүн үнэхээр гайхалтай хүлээж авч байвал тэр хамгийн том тайз. Би ингэж л боддог.

Тайзан дээр үсээ сэгсч үүлээд гитараа тоглож байгаа тань албаар тэгж харагдах гэсэн үйлдэл биш байх тийм үү?

-Тайзан дээр гарч байгаа эмоци юм даа. Сэтгэл хөдлөл, хөөрөл… энэ бүгд л намайг тэгж харагдуулж байгаа, түүнээс биш би илүү мундаг юм шиг харагдах гэж албаар тэгдэггүй.

Заримдаа тайзан дээрээс галзуурсан мэт хашгирч орилох үзэгчдийг гайхах тохиолдол гарч байв уу?

-Хамгийн анхны “Амьдрал” тоглолтыг гэж хэлнэ. Бид тайзан дээр гарч ирээд үзэгчдийг хараад гайхаж байсан. Нэг орилоход л бүгд л дагаад орилно. Нэг дууны эхний бадгийг аялахад л бүгд л дагаад дуулж байсан. Үнэхээр тийм байна гэж бодоогүй шүү. Бид өөрсдөө алмайрч байсан. 1989 онд Монголд урьд өмнө нь хэзээ ч тийм үзэгчид байгаагүй.