Монгол түмний хайр хүндэтгэлд хүндтэй орон зайг эзэлдэг улс бол бөхчүүд. Тиймдээ ч Монголчууд бид тэдний алхах гишгих бүрийг алдалгүй анзаарч хардаг.

Түүгээр ч барахгүй бөхчүүдийнхээ гайхамшигт барилдаанаас гадна уран мэх, бяр тэнхээ, зан чанар, ёс суртахуун, бие бялдрын онцлог гээд олон зүйлийг анзаарч суудаг билээ. Харин тэдний бизнесийн салбарт хийдэг уран мэх, ур ухааны талаар төдийлөн анзаарч байгаагүй болов уу. Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, Дамдин, Хадбаатар зэрэг домогт аваргуудын орыг залгана гэж итгэж, найдаж байсан А.Сүхбат, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар гээд ирээдүйтэй хэдэн аваргууд нь бараа сураггүй болж улс төр, бизнес хөөхөөр тээр тэнд харайлгаж яваа.

А.Сүхбат аварга Монгол бөхийн бурангүй явдалтай тэмцэнэ гэж зодог тайлсан бөгөөд нэгэн хэсэг УИХ-д сонгогдон сайн муугаараа дуудуулан ажиллаж байсан.Одоо тэр буга үржүүлэн, буудай тарьж архи үйлдвэрлэсэн шигээ сууж байгаа. Өсөхөө аварга хувь хувьсгалын бизнес хөөж энэ тэндэхийн дэл сул даргын суудал хайсаар яваа.

Харин Д.Сумьяабазар банк ажиллуулаад барилдах ч завгүй байсан бол өдгөө их хотын дарга болж, идэх ч завгүй гүйж яваа. Мөн өнгө үзэмж, чанараараа монголдоо толгой цохих хэвлэлийн компани бол “Мөнхийн үсэг” групп.

Захирал нь мөн л манай бөхчүүдийн нэг улсын начин До.Ганбат. Мөн харцага Ц.Магалжав сүүлийн үед нэлээд шаггүй бизнесмэн болж байгаа сурагтай. Юутай ч бөхчүүд маань барилдахаа болихоороо өөрийн гэсэн хувийн бизнес хөөгөөд явдаг агаад нэрд гарсан, гаргаагүй том, жижиг олон компанитай байдаг гэлцдэг.

Дархан цаазат аварга


Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээг “жижиг” А.Сүхбат хэмээх хурд хүч нь үл гүйцэгдэх эрхэм чимэж бас үзэгч олныг уран хурц барилдаанаараа өндөлзүүлж байсан цаг саяхан. Харин өдгөө түүний амьдрал дархан цаазат уулын эргэн тойронд буга хамгаалан, спирт найруулж бас болоогүй ээ эхнэр хүүхэд сольсон шиг ид буцалж байх шиг. Богд уулын хэсэг газрыг хэний ч зөвшөөрлөөр юм бүү мэд хашаагаар тусгаарлан буга залсан даян аварга маань бизнесээ өргөжүүлсээр ууланд дотроо таваргаж яваа сурагтай. Зодог тайлснаасаа хойш жин хасч, бизнес эрхлэх болсон тэрээр “Алтан хүнс” хэмээх компани байгуулж, архи, спирт, хүнсний бизнест чамгүй амжилттай ажиллаж яваа. Үүнийхээ ачаар өмнөх парламентэд дөрвөн жил суусан.

Түүгээр ч барахгүй сүүлийн үед дуучин, тамирчин гэлтгүй олон янзын салбарын олны танил хүмүүс сонирхох болсон газар тариалангийн бизнесийг ихэд таашааж ханцуй шамлан ажилдаа орсон. Хавар, намрын цагт өрнөдөг ундарсан их ажлыг давчихвал мөнгөтэй хүн хөрөнгөө арвижуулж болох энэ салбар луу дайрах болсон нэг шалтгаан нь “Гацуурт” компанийн захирал Л.Чинбаттай холбоотой гэдэг. Мөн түүний бас нэгэн ажил нь алдарт аваргуудын адил боловсролын бизнес. Даян аваргын байгуулсан “Олимп” сургуулийн төгсөгчид чамгүй сайн барилдаж хэний шавь болохоо харин ч нэг харуулж яваа. Тэгэхээр аварга өөрөө барилдахгүй ч гэсэн өөр шигээ сайн залуусыг бэлдээд, хажуугаар нь хэдэн төгрөг халааслаад сууж байвал хэн хэндээ ашигтай гэмээр боломжийн бизнес.

Жем гишүүн

Ямар ч сонирхолгүй болоод байсан үндэсний бөхийг сэргээсэн зургаан залуу зааны нэгээр дуудуулж байсан энэ эрхмийг бизнес хөөлгүй барилдаж явсан бол өнөөдөр Монгол улсын даян аваргаа байг гэхэд далай аварга хэмээн цоллуулах энүүхэнд байлаа хэмээн харамсах бас магтах хүн цөөнгүй.

 

Даанч тухайн үед бөхийн хүч, хөлсийг үнэлэх үнэлгээ тун тааруу учраас Ц.Цэрэнпунцаг гарьд ямар ч орлогогүй том цолтой бөх байснаас гээд бизнес хөөсөн гэлцдэг.

Бөхчүүд дундаа л бизнес сэтгэлгээ нь овоо хөгжчихсөн, нэлээд боловсролтой, гадаад хэлний хувьд гайгүй сайн ярьчихдаг болохоор явахгүй гээд ч яах билээ. Амьдрал хойно. Харин Ц.Цэрэнпунцаг гарьдыг спиртийн бизнест эргэлт буцалтгүй хөл тавьж “Тэргvvн” хэмээх арх иүйлдэрлэж зах зээлийн гэж тодотгодог энэ нийгэмд өөрийн гэсэн орон зайг бий болгон үндэсний хэмжээнд манлайлж буй томоохон компаниудын нэг “Жем интернэшнл” үүсгэн байгуулж өдий зэрэгт хүргэсэн гэдгийг хүмүүс мэднэ биз.Түүгээр ч барахгүй мань гарьд энэ амжилтандаа урамшсан уу, аль эсвэл ямар нэгэн тохироо нь таарсан уу үүрэн телефоны салбарт шинэ оператор оруулж ирсэн удаатай. Тэр нь Монголын өнцөг булан бүрт малчин ардаас эхлээд манцуйтай жаалууд хүртэл санаан зоргоор ярих болсон Жи-Мобайл. Бас болоогүй ээ сүйхээтэй, бизнес сэтгэлгээ нь дэндүү хөгжчихсөн гэдгээ харуулж Мобиком, Скайтел, Юнител ч дөнгөөгүй байхад Монголын хүчний байгууллагууд болох цагдаа цэргийхэнд “шахаж” дөнгөсөн хашир бизнесмэн. Тэрээр хүүхнүүдийн харцыг булаадаг хөөрхөн залуу байхаа больж, жингээ хасч овор суун өдгөө УИХ-ын сэнтийд төрлөх Завхан нутгаасаа сонгогдон суусан.

Харь хэлэндээ “хайнга”

Монгол бөхийн үе үеийн зүлэг ногоон дэвжээг чимэн барилддаг, эр бяр нь тэгширсэн энэ цагийн хүчтэнүүдийг маань зарим нэг хүмүүс бүдүүлэг , боловсролгүй гэж гоочлох нь бий.
Гэтэл манай бөхчүүд дотор 2-3 дээд сургууль төгссөн, хэнээс ч дутахгүй боловсрол мэдлэгтэй бөх цөөнгүй байдаг. Тэр дундаас хамгийн өндөр боловсролтой, ажил хэрэгч хүчтэн бол спортлог түшээ Б.Бат-Эрдэнэ. Ард олноо бас спортынхноо төлөөлөн төр түшиж яваа их аварга маань боловсрол мэдлэгээс гадна ухааны цараараа жинхэнэ монгол эр хүний ноён нуруу, нүнжиг чанарыг ард түмэндээ үлгэрлэж яваа хүн гэчихэд буруудах зүйлгүй болов уу. Англи, япон хэлээр төвөггүй ярихын зэрэгцээ очсон улс орон бүртээ төрөлх хэлээр нь мэндийг нь эвлэгхээн мэдчихдэг харь хэлэндээ “хайнга” сайн нэгэн гэнэ лээ.

Харин түүний улс төрийн хажуугаар эрхэлдэг хувийн бизнес нь “Аварга” биеийн тамирын дээд сургууль буюу боловсролын бизнес. Сургуулийнхаа байрыг бараг сул шахам цохисон гэдэг аваргын бизнес боловсролын салбарынх дээрээс нь өөрөө нэр хүндтэй болохоор гайгүй сайн ашиг орлоготой хэмээх жиг, жуг яриа чих дэлссээр удаж буй. Тэр ч утгаараа аварга сургуулийнхаа оюутануудын сурч боловсрох таатай нөхцлийг бүрдүүлэхэд нэлээ ач холбогдол тавьдаг гэнэ лээ. Тиймээс ч тус сургуулийн бөхчүүд ид бяр тэгширч, жагсаж байгаагаа, сайн багшийн гараар орсоноо харуулсаар байгаа болов уу.Түүгээр ч барахгүй Б.Бат-Эрдэнэ аваргыг ёстой мундаг амьтан гэдэг. Маш олон удаа наадамд түрүүлж, энэ хэрээрээ баяжин хөрөнгөжиж, бас болоогvй УИХ-ын гишүүн болсон гээд бодохлоор ингэж хэлэхээс өөр аргагvй байх л даа. Тиймдээ ч хөрөнгөтэй, нэр хүндтэй, түшээ хүний хувьд түүний бизнес сайн явдаг биз ээ.

Мертополис хотын дарга аварга

Монгол бөхөөр хичээллэсэн эрчүүд маань ихэвчлэн өв тэгш сайхан бие бялдартай болдог. Харж байхад манай бөхчүүдийн булчин шөрмөс нь овойж товойгоод цаанаа л нэг нүд дүүрэн сүрдмээр шүү. Тэдний нэг нь Д.Сумъяабазар аварга.

Олон жил “аварга” цолны хойноос хөдөлмөрлөж арай гэж нэг юм ард түмнээр дэмжүүлэн, аргадуулан байж цолоо авсан. Гэвч тэр аварга болсоноосоо хойш бөх биш бизнес хөөсөөр улмаар улс төрийн халуун тогоонд хутгалдаад буй. Түүгээр ч барахгүй зассан шагай шиг өв тэгш бие хаатай энэ эрхэм бөхчүүд дундаа битгий хэл Монголд яригдахаар банкир болсон ч, УИХ-д хэдэнтээ улиран сууж, өдгөө нэг сая гаруй хүн амтай Улаанбаатар гэх мертополис хотын даргаар ажиллаж байна.
Бөх гэхээсээ илүүтэй бизнесмен, улс төрч гэдгээр нь хүмүүс илүүтэй мэдэх болсон энэ эр үндэсний хөрөнгө оруулалтын банкийг 2006 онд байгуулснаас хойш банк санхүү, эдийн засгийн мэдлэг, туршлага цуглуулсан бас ч гэж бизнес сэтгэлгээ нь “овоо” хөгжсөн банкир залуу. Энэ хүний бизнес шаггүй дээшилж түүнийгээ дагаад улс төрийнх нь рейтинг ч дажгүй өсөөд байгаа биз ээ.

Солино чиг, зарна чиг бас уяна чиг
Харин Монгол бөхийн жинхэнэ од, зууны манлай бөх, даяар дуурсагдах, далай даян, дархан аварга Хорлоогийн Баянмөнхийн тухайд мөн л барилдахаа больсон тэр цагаасаа хойш бизнес эрхлэх болсон гэдэг. Гэхдээ тэр бусдыг бодвол голдуу боловсролын салбарын бизнесээр хэтэвчээ зузаатгадаг. Анх “Шонхор” биеийн тамирын дээд сургуулийг байгуулж олон арван хүчтэнүүдийг төрүүлж, улс аймгийн алдар цолонд хүргэсэн гэдгийг манайхан мэдэх биз.

Мөн түүний бас нэг бизнес нь мөнгөтэй хөрөнгөтэй хүн бүрийн сонирхох болсон хурдан хүлэг. Солино чиг, зарна чиг бас уяна чиг. Харин энэ жил аварга маань нилээд завгүй амьны болоод бизнесийн асар их ажилтай байгаа юм гэх. Түүгээр ч барахгүй Баянаа аварга өөрийн болон бусад бөхийн барилдааны талаар олон бүтээл туурьвиж эрдмийн зэрэг хамгаалсан багш, дасгалжуулагч, эрдэмтэн, зохиолч гэдэг.