Аав, ээж та нэгдүгээр ангид орж байгаа нялх үрийнхээ найз нь байж чадаж байна уу. Зургаан настай хүүхдэд эрдэм зааж байгаа багш таниас ч дээрх асуултыг асуумаар байна.

Цэцэрлэгт тоглож наадаж байсан хүүхдийг сурагчийн ширээнд суулгахад эцэг, эхчүүд та бүхэн хэрхэн бэлдэж байна вэ. Багш та аав, ээжийн алдрай жаахан хүүхдэд хичээл заахад бэлэн байна уу.

Нэг талаас харахад жижиг сэдэв мэт боловч нөгөө талаас маш хариуцлагатай байх зүйл юм. Энгийн мөртлөө хүн бүрт хамаарах суралцахуйд суралцахын эхлэлийг бид хамтдаа зөв тавьж сурмаар байна. Өөрөөр хэлбэл, эцэг, эх, багш та зургаан настай хүүхдийнхээ найз нь байж, эрдэм сургах аргаа олоход нь туслах, дэмжих хэрэгтэй юм.

Найз, нөхөд, ах, дүү хамаатан садан, ажлынхны зургаан настай олон хүүхэд сургуульд орж байгааг харсан, дуулсан. Заримынх нь хүүхдэдээ хэрхэн хичээл зааж байгаа талаарх хөгтэй, гунигтай цөөнгүй л түүх сонсож байлаа. Дийлэнх нь дандаа эрхлүүлж, тоглуулж байсан хүүхэдтэйгээ сургуулийн босго алхав уу, үгүй юү том хүүхэдтэй, бүр том хүнтэй харилцаж байгаа юм шиг харилцдаг нь ажиглагддаг. Олонх нь оюун ухаан нь цав цагаан цаас шиг бяцхан хүүхдээ сэтгэл зүйн дарамтад оруулж, наснаас нь хэтэрсэн ачаа үүрүүлж эхэлдэг. Тухайлбал, “Чи сургуульд сурах гэж байж өдөржин тоглоод байх юм. Зурлага зур. Үсэг цээжил. Муу сурвал ангийнхан чинь чамайг шоолно. Багшдаа загнуулна. Манайхан лав цөмөөрөө онц сурч байсан шүү. Онц сурахгүй л юм бол сургуульд сурч байснаас хөдөө мал малла” гэх зэргийг хүүхдэдээ өөрийн мэдэлгүй шахуу хэлдэг хүн цөөнгүй. Зургаан настай хүүхэд эндээс эхлээд л сэтгэл зүйн хувьд “Сургуульд орох аймаар юм байна. Би сургуульд орвол багш загнах юм байна. Би сурч чадахгүй бол яана аа” гэсэн далд айдаст автаж, түгшүүртэй болдог байна. Яг ийм бодол, айдас дээр эцэг, эхчүүд дур мэдэн хүүхдэдээ үсэг, тоо зэргийг өөрийнхөө арга барилаар заагаад эхэлдэг. Бичиж чадахгүй болохоор нь загнаж зандарч хүчээр бичүүлдэг. Бас үсэг, тоо цээжлүүлдэг. Энэ нь буруу гэдгийг эрдэмтэд баримт нотолгоотой, шинжлэх ухааны үндэстэйгээр тайлбарлан ярьдаг юм байна лээ. Ийм байдлаар сургуульд бэлтгэгдсэн хүүхэд анх сургуульд очихдоо л зүрхшээнгүй, айдас тээн очдог байна.
Шив шинэхэн орчин, огт таньж мэдэхгүй хүүхдүүд дунд таны хүүхэд ордог. Тэр үед багш хүүхүүдийн анхаарлыг өөртөө хэрхэн татаж, зурлага, сонирхолтойгоор хичээлээ заах эсэхээс хүүхэд сургуульдаа, хичээлдээ дуртай болох эсэх нь бараг шийдэгддэг гэж болно. Эцэг, эхийн хүүхдээ сургах гэсэн зарим буруу үлгэрлэл, алдааг сайн багшийн зөв арга, хандлага засч, өөрчлөх тохиолдол цөөнгүй. Нөгөө талаар туршлага багатай, заах арга зүйгээ зөв эзэмшээгүй багшаас болж хүүхэд хичээлдээ сонирхолгүй, муу болох нь түгээмэл. Бүүр цаашлаад амьдрал дээр гараад ч өөртөө итгэлгүй, идэвхгүй нэгэн болж төлөвших нь бий. Заах аргын түгээмэл алдаа дутагдлын жишээ гэвэл багш самбар дээр үсэг, тоогоо бичээд ганцаараа яриад байдаг. Өөрөө бичиж дууссан л бол хүүхдүүдийг ойлгосон, мэдсэн гэж боддог гэмээр чанга дуугаар асууж, загнаад эхэлдэг. Хичээлдээ идэвхитэй сурч байгаа хүүхдүүдтэйгээ илүү харилцах маягаар хичээлээ заадаг. Эндээс эхлээд зарим хүүхэд хаягдаж эхэлдэг. Мөн сургуульд орохоосоо өмнө үсэг, тоо цээжилж, бичиж сурсан хүүхэд багшийг дахин зааж эхлэхэд хичээлдээ сонирхолгүй болох тохиолдол элбэг. Дээр нь аав, ээжийнхээ заасан мэргэжлийн бус арга барилаар бичээд сурчихсан зарим хүүхэд дахин суралцахаас залхаж, цэгцтэй, цэвэрхэн бичиж чаддаггүй. Энэ мэтээр эцэг эх, багшийн санамсаргүй бөгөөд анзаардаггүй олон хандлагаас шалтгаалж дөнгөж сургуульд орохдоо л хүүхэд суралцахуйн бэрхшээлтэй болж эхэлдэг байна.

Энэ тохиолдолд багш, эцэг эх яах ёстой вэ гэвэл сургуульд элсэх үеэс хүүхдийнхээ чадвар, онцлогийн талаар багшид нь хэлж, багш нь ангийнхаа хүүхэд бүрийн талаар мэдээлэл бүрдүүлж, тэр дагуу хүүхдийн онцлогт тохируулан хичээлээ заах нь үр дүнтэй байдаг. Багш зааж буй хичээлийг нь судалчихсан, цээжилчихсэн, бичиж чаддаг нэгнийг урамшуулах замаар дахин нүдлүүлж байхдаа огт мэдэхгүйд нь заах гэх мэтээр бүгдийг ижил тэнцүү хэмжээнд хүргэхийн тулд судалгаа, мэдээлэлдээ тулгуурлан ажиллах ёстой юм. Энэ тохиолдолд сурагч бүр хичээлд идэвхтэй оролцож, хоцрогдол бий болдоггүйг гаднын олон жишгээс харж болно. Үүнээс гадна багш сурагчаа илүү сайн судалж, мэдэж, онцлогт нь тохируулан хичээлээ заах нь зургаан настны ойр дотны найз нь болж, хамтдаа хөгжих, суралцах хамгийн том гарц, гүүр юм.