Р.Эмүжин цахим орчинд өөрийн байр суурийг зоригтой илэрхийлдэг билээ. Тэрбээр энэ удаад “Надад хэлэх үг байна, учир нь би эх оронгүй төвд биш” нийтлэл бичсэнг хүргэж байна. 

Шашин хоорондын мөргөлдөөн Их Эзэн Чингис хааны үед ч байсан. Чухам лалынхан Энэтхэгийг эзэлж, тэндхийн хамгийн эртний Наландра хэмээх их сургуулийг гурван сарын турш шатааж байсан нь 1200-гаад он. Тэр үед Эзэн Чингис хаанаас энэтхэг, төвдүүд тусламж хүсч, 10 мянган морьт цэрэг хөдлөн, лалынхны дайралтыг зогсоож байсан түүхтэй. Хожим 16 дугаар зуунд төвдүүд ойрадын Төрбайх, Шүхэрт Дайчин, Баатар хунтайж нараас мөн тусламж хүсч, Бурхны шашнаа авруулж байсан. Энэ мэтээр монголчууд Буддын шашныг өнөө хүртэл оршин тогтнож, өдий хүртэл боловсрон дэлхийд түгэхэд маш том үүрэг гүйцэтгэсэн ард түмэн. Буддын шашныг Монголд дэлгэрүүлэхдээ Жавзандамба хэмээх урсгалыг нь дагаж, Монголын уламжлалт судар бичиг, эрдэм оюунаар тэтгэн их бичгийн өвөг дээдэс маань суурьшуулсан. Энэ урсгал нь дотроо эхнэр авдаг, авдаггүй гэсэн хэд хэдэн сахилтай. Гармава, Сажава, Нямава, Гэнэн хэмээх сахилыг баримтлагчид эхнэр авч болдог. Харин Гэлэн, Гэцэл сахилтангууд эхнэр авах хориотой. Мөн Бурхны шашныг сансар судлал, анагаах ухаан, гүн ухаан талаас нь Монголын тэнгэр шүтлэгтэй хослуулан, бие даасан боловсрол, шинжлэх ухаан болтол нь хөгжүүлсэн ард түмэн бол мөн л монголчууд. Хүрээнд сууж бичиг үсэг тайлагдан, ном үзэж боловсроод, нүүдэлчин мал ахуйгаа даган эхнэр авч, амьдрал хөөж оддог үе ч байсан. Өөрөөр хэлбэл Бурхны шашин Монголд нутагшихдаа нүүдэлчдийн эрх чөлөөг бас олж авсан хэрэг. Яг үнэндээ төвдүүд шиг Бурхны шашныг дэндүү олон урсгал болгон хагалж, өөрсдөө ч түүнийгээ даган шуудайд хийсэн үхрийн эвэр шиг тэрсэлдэж, эх орноо алдталаа, эр биеийг гээтлээ, эм заяаг өнчрүүлтлээ мунхаглаж яваагүй. Хэрэв тэгсэн бол одоо Төвдийн сүүдэр л байх байлаа. Яахав, андуу, эндүү түүхийн мушгиа бол байсан, үүнийг ч бас хүлээн зөвшөөрнө. Богд хаандаа хатан залж, монгол ёс заншил, өв уламжлалтай нийцүүлэн хөгжүүлж, Бурхны шашны амин сүнсийг авч үлдсэн ард түмэн бол бас л монголчууд. Үүнийг эрхэм 14 дүгээр Далай ламтан мэдэхийн сайнаар мэдэж байгаа. Сахил санваарын ялгаа, мөрдөх дэг жаягийг ч сайн мэдэж байгаа. Ямартаа “Хүүхэнд багтаагүй нь гавж, хүрээнд багтаагүй нь бадарчин” гэсэн хэлц үг гарч байхав.Эдүгээ Төвд гэж байхгүйтэй адил хятаджиж, Утайн таван уул дэлхийн Бурхны шашны төв байж чадахгүй болсон. Харин аль ч талаар нь энэ шашныг шинжлэх ухаан болгон авч үлдсэн өвөг дээдэс, өнөө цагийн номтой цөөн лам нар бол ганцхан Монголд л бий. Өөрөөр хэлбэл дэлхийн Бурхны шашны дараагийн өндөрлөг нь Монгол Улс юм. Уншлагатай, удамтай, үр үндэстэй, шидтэй, шилээвэртэй дээдсийн буян заяа Бурхны шашныг шүтлэг бишрэл талаас нь ч, шинжлэх ухаан талаас нь ч аваад явах бүрэн чадалтай. Төвд хэл дээр үлдсэн маш олон ном судрыг монголчилж, асар баян өв сантай болсон нь ч бас үнэн. Бурхны шашныг мянган жилийн турш ингэж өөрийн болгосон монголчуудыг юунд ингэж мэдсээр байж элэглэж, ойлгосоор байж элдэвлэнэ вэ? Утайн таван ууланд Бурхны шашны уншлага тасарч, уудам Монголд уг сайтай үргэлжилж байгаад хэн ингэтлээ амбицалж болохыг бодоод үзээрэй. Урд хөршийнхөн шүү дээ. Уулсыг нь эзэлсэн ч уншлагыг нь өөрийн болгож чадаагүй урд хөршийнхөн эх оронгүй Далай лам, эх Монгол хоёрын дунд яс хаяж, ярдаглахыг нь хүлээж байна даа. Харин 14 дүгээр Далай лам эвгүй өгөөш болчихлоо, эвтэйхэн залруулахаа мэдэх байлгүй дээ. Манай сүм хийдийнхэн өгөөш үмхэж өрвөлзөхгүй суугаа нь нэг талаар сайн хэрэг, нөгөө талаар Төвд судлаач Ням-Очиртой адил үзэж тараад, үндэс юуг нь ингээд нэг ухаад таниулмаар санагдлаа, өнөөдөр.