Санхүүгийн хөрөнгө оруулалтын харилцаа нь ихэвчлэн алдах магадлалыг дагуулдаг өндөр эрсдэлтэй зүйл гэдгийг иргэд тэр бүр ойлгодоггүй. Учир нь дэвшилтэт технологи өөрөө санхүүгийн салбарыг өөрчилж зохицуулалтаас нь гараад явсан бөгөөд төрийн зохицуулалт байхгүй салбар нь виртуал хөрөнгө зохицуулалт юм.
2017-2019 онд “one coin” түүнийг дагасан санхүүгийн луйврын схем ажиллаж, пирамид үүссэнээс дэлхийд болон Монголд ч маш олон хүн хохирсон.

Богино хугацаанд их мөнгөтэй болох гэсэн эсвэл мөнгөө өсгөх үүднээс сайтар нягтлаагүйгээр санхүүгийн харилцаанд орсноос хохирогч болсон иргэд, аж ахуйн нэгжийн тоо сүүлийн үед эрс ихэссэн. Тодруулбал, санхүүгийн залилан, луйврын шинжтэй гэмт хэргийн улмаас иргэд, байгууллагад учирсан хохирлын хэмжээ Монголд л гэхэд 2016 онд 2 тэрбум орчим төгрөг байсан бол 2017 онд 6.4 тэрбум, 2018 онд 9.9 тэрбум, 2019 онд энэ тоо 13 тэрбум төгрөгт хүрч, жил ирэх тусам нэмэгдсээр байна. Олон улсад санхүүгийн зохицуулагч байгууллагууд виртуал хөрөнгийн үйлчилгээ, криптовалюттай холбоотой эрсдэлийн талаар ард иргэдэд анхааруулсаар байна.

Энэ талаар Криптовалют, виртуал хөрөнгөтэй холбоотой асуудлаар Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэн хэвлэлд ярилцлага өгөхдөө “Койн анх эрсдэлгүй хэмээн олон хүнийг татаж байсан.


Таны криптовалютад оруулж буй хөрөнгө хаа явж байгааг мэдэх боломжгүй. Энэ өөрөө маш айхтар зүйл. Өндөр ашиг амлаж ямар ч эрсдэлгүй гэж тэд хэлдэг. Гэтэл ятгах тусам нягтал гэдэг шиг эрсдэлгүй гэх тусам сайн нягталж, судлах хэрэгтэй. Аливаа хүн итгэмтгий зан чанартай байдаг. Жишээлбэл “Танд ямар ч эрсдэлгүй, мөнгийг чинь тэдэн хувь өсгөөд өгье гэхэд тэгье, тэгье” гээд явчихдаг. Нэг ёсондоо хүн хамгийн хурдан хугацаанд хамгийн их ашиг олохыг хүсдэг хүсэл, сонирхол дээр үндэслээд тоглолт явчихдаг.

ФАФТ буюу Санхүүгийн зохицуулах хориг арга хэмжээ авах байгууллага”-аас уламжлалт санхүүгийн тогтолцооноос гадна шинэ технологид суурилсан уламжлалт бус энэ үйлчилгээ бүтээгдэхүүнүүдээр дамжин мөнгө угаах эрсдэл өндөр шүү, төр одоохондоо хянаж зохицуулж чадахгүй байгаа гэсэн зөвлөмжийг гаргасан. Тус зөвлөмжийн 15-д Виртуал хөрөнгийн хөдөлгөөн шилжилт үүнийг дагасан эрсдэлийг зохицуулсан журам, хууль гаргаж мөрдүүлэх үүрэгтэй хэмээн олон улс оронд үүрэг өгч ихэнх нь хууль журмаа баталсан байна. Манай улсын хувьд жилийн өмнө энэхүү үүрэг даалгаврыг өгч үүний хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Засгийн газар хамтраад үндсэндээ виртуал хөрөнгийн зохицуулалтын тухай хуулийн төслийг боловсруулан их хуралд өргөн барьж хэлэлцүүлэх гээд явж байна. Нэг ёсондоо төрөөс зохицуулалт хийх оролдлого эхэлсэн, эхний шатандаа явж байна гэсэн үг. Тус хуулийн төслүүд олон нийтэд нээлттэй байгаа. Та бүхэн Санхүүгийн зохицуулах хорооны сайт, Монгол банкны холбогдох сайт, Хууль зүй дотоод хэргийн яамны сайтаар орж танилцан өөрийн саналыг тусгах боломжтой. Аливаа хөрөнгө оруулах шийдвэр нь таны өөрийн итгэл үнэмшилд тулгуурлаж буй шийдэл ба тус шийдлээс гарах эрсдэлийг харин та өөрөө хариуцах учиртай хэн нэгэнд тэр эрсдэлийг үүрүүлэх боломжгүй гэдгийг анхааруулдаг. Яагаад гэвэл таны хохирлыг нэг ёсондоо хэн ч үүрэхгүй” гэжээ.