33 дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Miss Asia USA” тэмцээн ирэх арваннэгдүгээр сарын 14-нд эхэлнэ.

Америк дахь Азийн мисс шалгаруулах тэмцээнд Япон, БНСУ, Энэтхэг, Шриланк, Вьетнам, Иран, Тайван зэрэг улс орнуудын бүсгүйчүүд гоо үзэсгэлэн, авьяас чадвар, мэдлэг боловсролоороо өрсөлдөж байна. Уг тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Ж.Бадамхатантай ярилцлаа.


Юуны өмнө өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулахгүй юу. Хэзээнээс АНУ-д амьдарч эхэлсэн бэ?

-Намайг Жамц овогтой Бадамхатан гэдэг. Америкт ирээд 5 жил болж байна. Үл хөдлөх хөрөнгийн зууч, иогийн багш, сэтгэлзүйн чиглэлээр суралцаж байна.

Эх орноо төлөөлж АНУ-д миссийн тэмцээнд оролцож байгаа гэж сонссон. Тэмцээнийхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Монголчуудаас анх удаа оролцож байгаа юу. Тэмцээнд оролцох болсон гол зорилго чинь юу вэ?

-Миний оролцож буй миссийн тэмцээнд хэн дуртай нь оролцож болдог. Өмнө нь монголоос нэлээд хэдэн бүсгүй оролцож байсан юм билээ. Би монгол улс, үндэсний хувцас, өв соёл, монгол загвар зохион бүтээгчдийн ур ухааныг дэлхий нийтэд сурталчлах зорилготойгоор энэ тэмцээнд өөрийн хүсэл сонирхлоор оролцож байна. Монгол загвар зохион бүтээгчдийн брэндийг тодруулж, бизнесийг дэмжихийг бас эрмэлзэж байна. Надтай хамтран ажиллахыг хүссэн бүх загвар зохион бүтээгч, дизайнеруудад би нээлттэй.
Түүнчлэн, АНУ-д арьс өнгөний үзэл их байдаг. Уг үзлийг биеэрээ мэдэрсэн учраас үүний эсрэг дуу хоолойгоо хүргэж гадаад болон дотоод гоо сайхныг олон нийтэд таниулахыг эрмэлзэж байна. Надад арьс өнгөний үзлийн улмаас тохиолдсон гунигтай түүх байдаг. Би хувьдаа арьс өнгөний үзэл, шашин шүтлэг, гарал үүслээс болж ялгаварлан гадуурхах үзлийг хүлээн зөвшөөрдөггүй. Учир нь бид бүгдээрээ л адилхан хүмүүс шүү дээ.
Мөн мисс гэхээр заавал супер модель шиг биетэй байх албагүй гэдгийг илэрхийлэхийг хүссэн. Тэмцээний гол шалгаруулалт нь хүнтэй суугаагүй, хүүхэд гараагүй байхыг шаарддаг юм билээ. Миний хувьд сэтгэлзүйн чиглэлээр суралцдаг, 170 см өндөртэй энгийн байдаг л бүсгүй. Энэ тэмцээнд оролцож, “Та байгаагаараа л хангалттай. Өөрөө өөртөө итгэлтэй байх” мэссэжийг бусдад түгээхийг хүссэн юм.

Өмнө нь загварын болон миссийн тэмцээн уралдаанд орж байв уу. Нууц биш бол хэдэн настай вэ?


-Би 32 настай. Өмнө нь ийм тэмцээн уралдаанд оролцож байгаагүй. Би өөрийгөө миссийн тэмцээнд ч оролцоод явж байна гэж төсөөлж байсангүй. Миний ажилладаг үл хөдлөх хөрөнгийн компанийн Азийн холбооны ерөнхийлөгч надад хандаж, энэ тэмцээнд оролцохыг санал болгосон.

Олон улсын тэмцээнд үндэсний өв соёл, уламжлалыг харуулсан брэндийг өмсөх нь зайлшгүй хэрэгтэй байгаа байх. Танд хувцсаа өмсүүлье гэсэн хүсэлтэй монгол загвар зохион бүтээгчид ямар яаж тантай холбогдох вэ. Танд тавьж буй шаардлага бий юу. Ер нь хувцсаа сонгохдоо юуг нь түлхүү харж, таашааж сонгодог вэ?

-Миний фэйсбүүк Ida jamts хаягаар гэдэг шууд холбогдож болно. Тэмцээн маань энэ сарын сүүлчээс эхлээд үндэсний хувцас, бикини, үдэшлэгийн даашинз гэх мэтээр явагдана. Надтай чөлөөтэй холбогдож болно. Маш их баярлалаа.
Би өөрөө үндэсний хэв маягийг хадгалсан чөлөөт, авангард стилээр хувцаслах дуртай.

Энэ тэмцээнд оролцохын тулд мэргэжлийн дасгалжуулагч, загварынхнаас зөвлөмж зөвлөгөө авсан уу. Энэ тал дээр анхаарч хамтран ажиллаж байгаа хүн бий юу?

-Тэмцээнд ороход мэргэжлийн загварын хүмүүс, дасгалжуулагч нар сургалт явуулж бэлддэг юм билээ. Тэмцээн болтол гурван сарын хугацаанд 7 хоногийн нэг өдөр хичээллээд явж байгаа. Ойрд ажлынхаа хажуугаар сургалтдаа хамрагдаад ачаалал ихтэй л амьдарч байна.


– “Miss Asia USA” тэмцээний гол шалгаруулалт нь юу байдаг вэ?

-Хамгийн гол нь өөрөө өөртөө итгэлтэй байх, биеэ даасан чадварыг онцолж шалгаруулдаг санагдсан. Бүх төрлийн чадварыг л илүүтэй хардаг юм билээ. Зөвхөн гаднаа гоё сайхан байхаас гадна хувийн ёс суртахуун, зан харилцаа, үндэсний хувцас, өв соёл, хоолны соёл, өөрийгөө илэрхийлэх чадвар зэргийг харж эцсийн дүнг шүүгчид гаргадаг. Миний хувьд энэ тэмцээнд оролцсноор бусад орны бүсгүйчүүдтэй өрсөлдөж буй хэрэг биш. Харин өөрөө өөртөөгөө өрсөлдөж буй хэрэг юм. Хэрвээ би чадаж байвал, та ч бас чадна гэдэг мэссэжийг өгөхийг хүсэж байна.

Өөрийнхөө амьдралд сайхан дурсамж үлдээхийн тулд энэ тэмцээнд оролцож байгаа байх нь ээ?

-Тиймээ. Хүний амьдрал богинохон. Тэр тусмаа залуу нас маш богинохон. Энэ боломжийг, энэ цаг хугацааг гэр бүл зохиогоогүй байгаа дээрээ миссийн тэмцээнд оролцож, өөрийгөө олон талаар хөгжүүлээд, өөрөө өөрийнхөө өрсөлдөгч байна гэдэг надад үнэхээр гайхалтай сайхан санагдаж байна. Өөрийгөө бүү дутуу үнэл, та бүхэн байгаа зүйлдээ талархаж, өөрт гарсан боломж бүрийг ашиглаж байгаарай гэж хэлмээр байна.

Асуултаа хувь хүн рүү чиглүүлмээр байна. Багаасаа ийм нээлттэй охин байв уу?


-Тиймээ. Багаасаа олны өмнө индэр дээр гарч байсан. Гэхдээ миссийн тэмцээнд биш. Өсвөр насандаа буюу 13-15 насандаа “Уран жиргээ”, “Хүрэл тулга” наадамд “Мандухай сэцэн хатан” шүлэг, “Ижий минь” өгүүллэгээрээ мөнгө хүрэл медалиуд хүртэж явлаа. Одоо ч шүлэг бичиж, уншдаг хэвээрээ. Цэцэрлэгийн нас буюу 5 настай байхаасаа балетаар хичээллэж эхэлсэн. Дунд сургуульд ороод үндэсний бүжиг бүжиглэдэг, урлагийн арга хэмжээг хөтөлдөг охин байлаа. 16 насандаа гадаад дууны уралдаанд Britney Spears –ийн Lake дуугар оролцож дэд байр эзэлж байсан. Ер нь багаасаа урлаг спортод дуртай, хөдөлгөөнтэй хүүхэд байсан.

Таныг ном бичиж байгаа гэж сонссон?

-Тиймээ. Миний хүсэл мөрөөдөл өсвөр насандаа хийж байсан урлагийн авъяасуудаа тодруулж гаргаж ирэхийг хүсэж байна. Англи, Монгол хэл дээр уран уншиж бусдад сайн сайхныг түгээмээр байна. Өөрийн амьдралд тохиолдсон зүйлүүдээрээ ном бичиж байгаа. Зовлон бэрхшээл маань хэрхэн боломж болон хувирсныг миний номноос унших боломжтой. Олон хүнд итгэл найдвар, хүчийг өгнө гэдэгт итгэж байна.
Нэг зүйлд би итгэдэг. Хүн бүрд боломж байгаа, хүн бүрд авьяас бий, хүн бүрд өгөгдсөн өгөгдөл гэж байгаа. Түүнийгээ олж мэдэж, “Би”-гээ танина гэдэг хамгийн чухал. “Би”-гээ таньснаар өөрийгөө ялан дийлж, өөрийгөө анзаарч харж, өөрийнхөө хамгийн сайн хувилбараар байх тэр боломжийг өөртөө нээх боломжтой. Хүн бүрд тэр боломж байгаа, тэр боломжийг маргааш гэж хойшлуулах хэрэггүй. Ер нь өөрөө өөртэйгөө л сайн тулалдах хэрэгтэй гэж би боддог. Өдий зэрэгт намайг өсгөн хүмүүжүүлсэн өөрийн эцэг эхдээ талархдаг. Мөн амьдралд минь сайн сайхан, үлгэр дууриалал болсон найз нөхөд, хамт олон, амьдралын дасгалжуулагч Monica Batsukh, миний хайртай сэтгэлзүйч Marisa Peer маш их талархаж явдаг.

Бага нас хаана өнгөрсөн бэ. Аль дунд сургуулийг төгссөн бэ?


-Уг нь би унаган Улаанбаатарын охин. Бага ангидаа “Сант” сургуульд суралцаж байсан. Дунд сургуулиа Сэлэнгэ аймгийн “Билэг” гэдэг хувийн сургуулийг дүүргэсэн. Ээж маань англи хэлний багш учраас багаасаа гадаад хэлд дуртай байсан.

Миссийн тэмцээнд орохын тулд нийгмийн сайн дурын ажлууд, хүмүүнлэгийн ажлууд хийсэн байх шаардлагатай байдаг. Таны хувьд?

-Миний бага залуу нас дардан сайхан байгаагүй л дээ /санаа алдав.сур/. Хүүхэд байхаасаа өдий болтол гэр бүл салалтын зовлон, 10-20 жилийн хагацлын зовлон, би эрэгтэй дүүгээ хараагүй 20 жил хэдийнээ өнгөрчээ. Ингэж явахдаа нийгмийн хүнд хэцүү үеийг туулж, янз бүрийн хүмүүстэй учирч, туг ч барьж, тугал ч хариулж үзсэн.
Миний туулсан амьдралын бэрхшээл зовлон болгон маань бусдын зовлонг ойлгох, бэрхшээлийг харж ойлгох, тэр сэтгэлийг надад өгсөн. Тиймээс ч би ТББ байгуулж, хүнд хэцүү сэтгэлзүйн дарамтад орсон хүмүүст туслаж байсан.

– Ярилцлагын төгсгөлд залуустаа хандаж юу хэлэхвэ?

-Монголчууд бид хаана ч очсон бие сэтгэлзүй, оюуны потенциал өндөртэй гэдгээ мэдэж байх ёстой. Цагаа битгий дэмий юманд үрээрээ, “Би”-гээ хэн бэ гэдгээ мэдэх нь амжилтын гол суурь юм.

-Баярлалаа.