“Тавантолгой түлш” ХХК өдөрт 2,500-3,000 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэвч энэ намрын өдрүүдэд шахмал түлшний олдоц муу байна.

Энэ талаар Баянзүрх дүүргийн гэр хорооллоос дараах сурвалжлагыг бэлтгэлээ.

 

Сансрын колонкоос баруун зүгт явах замд шахмал түлшний борлуулалтын хэд хэдэн цэг таарсны хамгийн эхнийх нь Баянзүрх дүүргийн 174 дүгээр цэг байв.

Таксины буудал дээр ирэв үү гэмээр автомашинууд энд эгнэн зогсжээ.

Худалдаа хийж буй залуугаас өдөрт хэдэн тонн шахмал түлш ирж байгааг лавлахад “Манай цэг дээр шахмал түлшний түгээлт өдөрт хоёр удаа таван тонноор ирдэг ч хүмүүсийн хэрэгцээнд тэр бүр хүртэхгүй байгаа мэт санагддаг.

Учир нь түлш орой 17:00 цаг гэхэд зарагдаад дуусчихдаг.

Ажил тарах үеэр ачаалал ихэсдэг” гээд завгүй байгаагаа хэлээд наймаагаа үргэлжлүүлэв. “Эрэлт их, нөөц багатай үедээ аль болох л нөхцөл байдалтайгаа тохируулан борлуулахыг хичээдэг”

Харин тус борлуулалтын цэгийг хариуцагч Х.Цэндсүрэн “Манайд өнөөдөр 11 тонн шахмал түлш ирсэн. Одоогоор долоон тонн түлш зарчхаад дөрөвхөн тоннтой л үлдсэн байна. Манай цэг 24 цагийн үйлчилгээтэй учраас түлшний хангамж тасардаггүй.

Өдөр 10-20 тонн шахмал түлш ирдэг.

 

Энэ нь нэг борлуулалтын цэгийн хэмжээнд хангалттай гэж бодож байна. Харин нийт иргэдийн хэрэгцээний хувьд цэг бүрийн хүргэлтээс шалтгаалж янз бүр байгаа болов уу. Яг үнэнийг хэлэхэд шахмал түлшний хэмжээ өмнөх хоёр намартай харьцуулахад хомстолтой байна уу даа гэмээр байгаа” гэлээ.

Мөн тэрбээр “Зарим үед олон хүн дараалал үүсгэдэг. Ийм үед түлш багатай байвал ирсэн хүмүүстээ хүртээмжтэй байлгах үүднээс хүн бүрт 2-3 шуудайг борлуулдаг” гэдгээ нуусангүй.

Үүнийгээ тэр “Түлш бага үлдсэн үед түрүүлж ирсэн хүмүүст нь зургаа, зургаан шуудайгаар нь түлшээ өгчхөөр авч чадалгүй үлдэх хүмүүст нь хэцүү шүү дээ. Тиймээс эрэлт их, нөөц бага үлдсэн орой аль болох л нөхцөл байдалтайгаа тохируулан борлуулахыг хичээдэг” хэмээн учирласан юм.
“Хоёр дүүрэг дамжин байж түлшээ олж авч байна” гэв

Тус борлуулалтын цэгээс түлш авахаар ирсэн иргэнтэй ярилцлаа. Иргэн н.Батбаяр “Манайх Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байрлах Салхит гэдэг газар байдаг. Би зургаан шуудай шахмал түлш авахын тулд хоёр дүүрэг дамнан явж байж олж байгаа нь энэ. Тэр хавийн борлуулалтын цэгүүдэд шахмал түлш нь огт байхгүй, бүгд хоосон байна. Борлуулагчдаас нь асуухаар “Одоо ачиж байна” л гэсэн хариу өгдөг. Би л лав өчигдрөөс хойш гэрийнхээ ойр хавиас шахмал түлш хайгаад олсонгүй. Цагаан сар болох гээд байхад түлш, түлээгээ бэлдэх гэсэн хүн олон байх нь мэдээж. Гэтэл яг ийм үеэр түлш хангалтгүй байгаа нь бухимдал төрүүлж байна.
Уг нь түлшний хувьд илч сайтай. Гэхдээ зарим долоо хоногт зургаан шуудай түлш хүрэлцдэггүй. Үнэндээ би өөрийн гэсэн унаа тэрэгтэй тулдаа л энэ хол ирж, түлш авч байна. Гэтэл машингүй хүмүүс тэргээ түрээд аль хүртэл явж байгаа бол гэдэг хаа хаанаа хэцүү” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Баянзүрх дүүргийн 174 дүгээр цэгээс шахмал түлш худалдан авч байсан иргэдийн дунд иргэн Батбаярын адил холоос зорьж ирж түлш авч байгаа хүн цөөнгүй байсан гэдгийг энд дурдах нь зүйтэй. Иргэн Т.Аззаяа “Манай гэр Сансарт байдаг. Гэрийн ойролцоо шахмал түлш алга. Тийм учраас л эндээс түлшээ авах гээд дугаарлаад зогсож байна.

Зарим үед шуудайн ёроол нунтаг ихтэй, түлэхэд тортог их гардаг ч илчний хувьд маш сайн бөгөөд манайд зургаан шуудай түлш долоо хоногтоо хангалттай хүрдэг. Энэ цэгээс түлш авахад дараалал ихтэй л байдаг болохоос биш хүрэлцээ сайн” гэсэн юм.