Иргэдийн данснаас шөнийн цагаар их хэмжээний мөнгө алдагдсан хэрэг олноор гарах болжээ.


Хамгийн сүүлд, аравдугаар сарын 3-ны өдөр Хаан банкны хэрэглэгчдийн данснаас их хэмжээний мөнгө алдагдсан гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд оршин суух 43 настай эрэгтэйн данснаас шөнийн 03.00 цагийн орчимд 10 сая төгрөг алдагдсан байна.
Мөн тус дүүргийн хоёрдугаар хорооны иргэн 13 сая нэг зуун мянган төгрөг алдагджээ. Иргэн С.Б-ийн ярьж байгаагаар “Би интернэт банк ашигладаггүй. Гэтэл мөнгийг интернэт банкаар шилжүүлж авсан байсан. Миний утсан дээр банкны аппликейшн нь ч байдаггүй байхад миний данснаас яаж мөнгө гарах вэ.
Хаан банкнаас шүүлгэхээр “та нэг ч удаа интернэтээр гүйлгээ хийж байгаагүй юм байна. Гэхдээ та нууц үгээ алдсан байна” гэсэн. Би өөрөө ч ашигладаггүй аппликэйшн, нууц үгээ мэдэхгүй байхад хэн яаж мэдэх вэ. Яаж миний мэйл хаягыг мэдээд интернэт банкаар ашиглаж байгааг энэ банк тайлбарлаж чадахгүй байна” гэсэн юм.
Харин Хаан банкны зүгээс “Ганцхан манай банкны хэрэглэгчдийн данснаас мөнгө алга болсон юм биш. Бусад банкны хэрэглэгчдийн данснаас мөнгө алдагдсан хэрэг ч гардаг. Банкуудын холбоогоор дамжуулаад цахим гэмт хэрэгтэй тэмцэх газартай хамтарч харилцагчийн мэдээллийг алдахгүй байх талаар ажиллаж байгаа. Цахимаар залилан хийж байсан хүмүүс өршөөлийн хуулиар суллагдаж гарч ирээд, дахин давтан гэмт хэрэг хийсэн байна. Гэхдээ бүх хэргийг энэ хэрэгтнүүдэд тохсон юм биш. Манай банк процессын алдаа гарсан бол хариуцлага хүлээнэ. Харин иргэдийн хохирлын тухайд хуулийн байгууллага шалгасны дараа барагдуулах эсэх асуудал яригдана” гэлээ.
Ийнхүү Хаан банкны хэрэглэгчид их хэмжээний хохирол амссан ч буух эзэн буцах хаяггүй болоод байна.