“Энхсаран” сувиллын гэх хэргийн холбогдогчдыг цагдаагийнхан нэмж шалгаж, дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр Хан-Уул дүүргийн Прокурорын газарт шилжүүлжээ.

Гэвч прокуророос дахиж мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар буцаах гэж буй сурагтай. Уг нь энэ сувилалд халдвар хамгааллын дэглэм алдагдаж, халдварт өвчин тараах нөхцөлийг бүрдүүлсэн гэх хэрэгт “Энхсаран” сувиллын захирал О.Түмэнбаяр, халдвар хамгааллын дэглэм сахиулахад хяналт тавьж ажиллаж байсан төрийн байгууллагын ажилтнууд болох Г.Ганцэцэг, Н.Батжаргал, Н.Ганболд, Б.Баттулга, тухайн сувилалд тусгаарлагдан хяналтад байсан иргэн Д.Мөнхбат, Б.Энхцэцэг, Б.Зориг, Б.Батдэлгэр нарыг буруутган яллагдагчаар тооцсон юм.

Иргэн Д.Мөнхбат олон нийтийн сүлжээнд тус сувилалд халдвар хамгааллын дэглэм зөрчигдсөн гэх мэдээлэл цацахаасаа өмнө өөрсдөө үүнийг зөрчиж, амны хаалтаа ч зүүлгүй тусгаарлах байрны өрөөнөөс гарч, хонгилд хүмүүстэй ярилцаж байсан хяналтын камерын бичлэгийг нотлох баримт болгож хэрэгт хавсаргасан гэдэг. Мөн эл сувилалд Энэтхэгээс ирж тусгаарлагдсан ламхай нарыг ч халдвар хамгааллын дэглэм зөрчсөн гэх үндэслэлээр хууль сахиулагчид шалгасан юм. Улмаар тэдэнд Эрүүгийн хуулийн 15.6-1 дэх хэсэгт заасан “Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчний вирусийг халдаасан” гэх үндэслэлээр прокуророос яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн зургадугаар сард шилжүүлсэн.

Тус шүүхийн шүүгч Х.Доржсүрэн зургадугаар сарын 30-нд урьдчилсан хэлэлцүүлгийг нь хийгээд мөрдөн шалгах ажиллагаа дутуу, шинжээчийн дүгнэлтийг ашиг сонирхлын зөрчилтэй байгууллагаар гаргуулсан гэх зэрэг шалтгааны улмаас дахин шалгуулахаар шийдвэрлэн прокурорт буцаасан юм. Бидэнд олдсон мэдээллээр энэ хэргийн яллагдагч төрийн байгууллагын ажилтан дөрвөн хүний нэг бус нь мэргэжлийн хяналтын байцаагч бөгөөд МХЕГ-ынхнаар шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь хэргийг буцаах нэг үндэслэл болсон бололтой.

Өдгөө дахиж шинжээч томилж, дүгнэлт гаргуулах зэрэг шалтгааны улмаас цагдаагийн байгууллагад хэргийн буцааж хүргүүлэх гэнэ.