Хүүхэд, эмэгтэйчүүдтэй холбоотой бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй холбоотой асуудал буурахгүй байгаа энэ цаг үед арабын хэв маягийг харуулсан Nazira ресторанд “Раунд” нэвтрүүлгээрээ олонд танигдсан сэтгүүлч Б.Даваа нарын залуус насанд хүрээгүй байж болзошгүй охиныг хагас нүцгэн байдалтай зогсоож, тансаг зоог барьж буй зураг сошиалд цацагдсан.

Энэ зураг ихээхэн шүүмжлэл дагуулаад байгаа юм. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “ТАРХИНЫХАА ХУУЛИЙГ ӨӨРЧИЛ!!! Өөрсдийнхөө тархины хэмжээнд тааруулаад хууль зохиочихсон. Тэрнийгээ туйлын үнэн гээд итгэчихсэн хүмүүс өчигдрийн постонд орсон хөөрхөн охины зургийг зулгааж сэгэн дээр суусан шаазгайнууд шиг шаагиж байна. Тэр зоогийн газрын зөөгчдийн хувцасны онцлог хүн төрөлхтний хаа сайгүй орон, оронд байдаг энгийн л нэг үйлчилгээний соёл. Хүчээр биш сонирхлоороо хийж байгаа ажил. Яагаад нүүрийг нь нуух ёстой гээд байгаа юм? Ямар гэмт хэрэгтэн юм уу? Я*хан, ёс суртахуунгүй, ичмээр, гутамшигтай, ёс зүйгүй гэж харж байгаа бол таны л харах өнцөг” хэмээн бичжээ.

Мөн тэрээр ТВ8 телевизэд хамт ажиллаж байсан сэтгүүлчидээ ярилцлага өгч, үйлчилгээний соёлын талаар ам хуурайгүй бурж, өөрийгөө хэт өмөөрөх нь тэр.
Сэтгүүлч нэртэй Б.Даваагийн хувьд 2016 оны сонгуулийн өмнө Нара буюу М.Нарантуяаг “Раунд” нэвтрүүлэгтээ урьж оролцуулаад, сэтгүүл зүйн “тэнцвэртэй мэдээлэл” гэх ёс зүйн чиг баримжааг баримтлах нь бүү хэл, баримт нотолгоогүй олны ам дамжсан хов живээр “гөвшиж”, өөрийнхөө ямар ёс зүйтэй хүн бэ гэдгээ таниулаад авсан. Тэр ч утгаараа түүний “Раунд” нэвтрүүлэг хол яваагүй. Өөрийн эрх мэдлээрээ бусдыг “гутаан доромжилж” олны өмнө эвгүй байдалд оруулахаас эмээдэггүй тэрээр өөрөө ийм байдалд хэрхэн арьсаа хамгаалж буйд сошиал хэрэглэгчид таагүй хандаж байна.

Уг нь Б.Даваагийн хувьд таван хүүхдийн эцэг билээ. Тэдний хоёр охин гэдэг бөгөөд түүний том хүүхдүүд нь нь эл рестораны “үйлчлэгч” гэх хагас нүцгэлсэн охинтой нас ойролцоо харагдаж байна.

Ер нь түүний хэлсэнчлэн тухайн рестораны үйлчлэгч 22 настай ч бай, үгүй ч бай сошиал орчинд үйлчлэгч эмэгтэйн хагас нүцгэн зургийг дэлгэж, өөрийгөө арабын шейх мэт хандаж байгаа нь хэр зохимжтой үйлдвэл вэ?