“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллаж буй Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын бүрэлдэхүүн Эрдэнэт үйлдвэрт болон үйлдвэрийн газрын зарим ажилтнуудад Засгийн газар, ТӨБЗГ-ын шагнал гардуулав. Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийг хөдөлмөр бүтээл, ажил үйлсээрээ манлайлж, цар тахлын хүндрэлтэй нөхцөлд айл өрх, аж ахуйн нэгжүүдэд учирч буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад үзүүлж байгаа дэмжлэг, хүчин чармайлт хамт олны хичээл зүтгэлийг үнэлж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын “Хүндэт өргөмжлөл” дурсгал болгон хадгалуулсныг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн гардан авлаа.

Мөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын “Өргөмжлөл”-ийг Ус хангамжийн цехийн тоног төхөөрөмжийн засварчин Д.Эрдэнэбаяр, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн тэргүүлэх физикч инженер Х.Орхон нарт гардуулсан бол газрын “Хүндэт жуух бичиг”-ээр Үйлдвэрийн бодлогын газрын дарга П.Батболор, Хуулийн хэлтсийн дарга Х.Болдбаатар, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн дарга Ц.Мөнхболд, нягтлан бодогч Ж.Шинэцэцэг, Г.Отгонбаяр нар шагнууллаа. Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Үйлдвэр, худалдаа үйлчилгээний тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Оёдлын цехийн оёдолчин Д.Батчимэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан” тэмдгээр Нийгмийн харилцааны хэлтсийн Олон талт, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Э.Сансартуяа, Эрчим хүчний яамны “Эрчим хүчний тэргүүний ажилтан” тэмдгээр Ил уурхайн тоног төхөөрөмжийн цахилгаанчин Л.Батсайхан, “Санхүү, банкны тэргүүний ажилтан” тэмдгээр Хөгжлийн хэлтсийн эдийн засагч Б.Мөнхжаргал, “Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан” тэмдгээр нягтлан бодогч М.Цэрэндолгор, “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр Хуулийн хэлтсийн хуульч Б.Лхагвасүрэн нарыг шагнаж, Оёдлын цехийн оёдолчин Т.Эрдэнэчимэг нарын дөрвөн ажилтныг дээрх яамдын “Хүндэт жуух бичгээр” шагнасныг Засгийн газар, ТӨБЗГ-ын төлөөлөл, Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд гардуулсан юм.

М.Балжинням

Фото Б.Баттөгс