XVII жарны Усан бар жилийн Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн 2022 оны хоёрдугаар сарын 2-нд тохиож буй.

 

Монголчууд хаврын тэргүүн сарыг угтан Сар шинийн баярыг тэмдэглэдэг уламжлалтай.

Гэвч өнгөрсөн хоёр жил цар тахлын улмаас золголт хийж, уламжлалт баяраа өргөн хэмжээнд тэмдэглээгүй. Энэ жил ч бас цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байхыг Ерөнхий сайд уриалав. Бас төрийн золголт хийхгүй гэдгээ мэдэгдсэн.


Гэтэл жил жилийн Сар шинийн баяраар Монгол Улсын эдийн засаг идэвхжихийн зэрэгцээ импорт ихээхэн нэмэгддэг. Цагаан сар нь бусад баяртай харьцуулахад бэлтгэл их шаарддаг.

Жишээлбэл, нэг өрх тавгийн идээ, ууц, бууз, чихэр жимс, гарын бэлэг бэлдэнэ. Тэр хэрээр баярт бэлдэх өрхийн төсөв ч нэмэгддэг. Гэвч бараа бүтээгдэхүүний үнэ, имфляц өссөн ч цалин, тэтгэвэр нэмэгдэхгүй байгаа тул хөгшчүүл “Хөл хорио тогтоогоосой. Цагаан сарыг зөвхөн гэр бүлийн хэмжээнд тэмдэглэмээр байна” гэсэн бодолтой байгааг хэд хэдэн настай хүмүүсээс сонсов.

Нийслэл хотод ч яахав, ойр дотны ах дүү нар орж гарна. Харин хөдөө орон нутаг, сум тосгонд танил гэсэн бүхэн нь орж гарах тул “нүүр улайлгах” бэлэг өгөхгүйн тулд чамгүй их хэмжээний мөнгийг бэлэг сэлтэд зориулдаг бололтой.

Мөн залуус өөрөөсөө ахмад настай хэн нэгэнтэй 5-20 мянган төгрөг барьж золгодог “ёс биш ёс” уламжлал болгон тогтоод удаж буй. Тэгэхээр тэтгэврээс тэтгэврийн хооронд “амь зууж” буй ахмад, цалингаас цалингийн хооронд амьдарч буй залуусын хэн хэнийх нь санхүү, сэтгэл санаанд дарамт болж байна гэсэн үг.
Яахав зарим боломжийн амьдралтай иргэд цагаан сарыг цар тахлын улмаас хаалгаа барихад хүрсэн аж ахуйн нэгжүүдийн хувьд үйл ажиллагаагаа сэргээх том боломж хэмээн харж буй нь үнэн.

Ер нь бол монголчууд бид Үндэсний баяр наадам, Сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэж, дэлгүүрийн лангуу хоосортол худалдан авалт хийдэг.
Үндэсний статистикийн газраас 2020 оны хэрэглээний үнээр тооцоолон нэг өрх бүрийн Цагаан сарын дундаж зардлыг тооцон гаргасан байдаг. Монгол Улсын нийт өрхийн 64 хувь нь Цагаан сарын баярыг тэмдэглэн өнгөрүүлж, нэг өрх дунджаар 2.2 сая төгрөгийг идээ цагаа, гарын бэлэг, баярын гоёлд зарцуулдаг ажээ.

Улсын хэмжээнд Цагаан сарын баярт ойролцоогоор 1.2 их наяд төгрөгийн зардал гардаг гэсэн үг юм. Тус зардлыг бүтцээр нь задалбал идээ, цагаа, бусад хүнсний зардалд нийт зардлын 36 хувь, гарын бэлэгт нийт зардлын 47 хувь, баярын гоёлд нийт зардлын 17 хувийг зарцуулдаг байна.