Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салааны захирагч асан, дэслэгч Д.Гялбуужамц анхан шатны шүүхээс ногдуулсан 14 жилийн хорих ялыг эсэргүүцэн, өмгөөлөгч нарынхаа хамт нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ханджээ. Түүний гомдлыг дээрх шүүх өчигдөр хэлэлцлээ. Д.Гялбуужамц болон түүний өмгөөлөгч Ю.Батболд нар анхан шатны шүүх хурлын үеэр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, Эрүүгийн хуулийн 10.1 дэх хэсэгт заасан хорих ялын хамгийн доод хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү гэсэн хүсэлт шүүх бүрэлдэхүүнд тавьж байсан аж. Харин прокурор нь “Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн 28.3-1 дэх хэсэгт заасан цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн хэргийг нь Өршөөлийн хуульд хамруулан хэрэгсэхгүй болгох, хүний амь бүрэлгэсэн үйлдэлд нь 14 жил хорих ял эдлүүлэх” санал гаргасан байдаг. Энэ удаа ч бас Д.Гялбуужамц уг хүсэлтээ давж заалдах шатны шүүхийнхэнд гаргасан гомдолдоо илэрхийлсэн гэнэ. Гэвч нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгчийнхөө хамт гаргасан түүний гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээлээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Гялбуужамцад холбогдох хэргийг 2021 оны арванхоёрдугаар сарын 14-нд хэлэлцээд нэг үйлдлийг нь Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн оны долдугаар сарын 2-нд баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулсан билээ. Тэрбээр 2021 оны гуравдугаар сарын 28-ны үдэш зэвсэгт хүчний 326 дугаар ангийн Соёл, амралтын танхимд байлдагч Ц.Б болон өөр найман цэргийг зодож, дүрмийн бус байдлаар харилцсан нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон бөгөөд зодуулсан цэргүүд гомдолгүй хэмээн мэдүүлсэн юм.
Харин “Марш тактикийн тэмцээний талаар ярилцана” хэмээн цэргүүдээ дээрх өрөөнд оруулж, байлдагч Ц.Б-ыг зодсоны улмаас хүнд гэмтэж, нас барсан үйлдэлд дэслэгч Д.Гялбуужамц гэм буруутай нь мөрдөн байцаалтаар хангалттай нотлогдсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн билээ.

Г.Равжаа