Улс төрийн өндөр албан тушаал хашиж буй УИХ-ын гишүүн, сайд, дарга нар иргэдийн амьдралаас тасарсан олон жишээгээр харагдсаар буй. Тэд мэдэхгүй зүйлдээ мэдрэмжгүй хандан олон нийтийн хэвлэлд ярьснаар олны дургүйцлийг ихээхэн төрүүлсээр байгаа юм. Хэн гэгч дарга амьдралаас “тасарцан” зүйл ярьж байсныг онцлон хүргэж байна.

Тухайлбал, одоогоос 10 жилийн өмнө буюу 2012 онд, өнөөгийн Ард нэгтгэлийн “эзэн” буюу тухайн үеийн Сангийн дэд сайд байсан Ч.Ганхуяг талхны үнийг мэддэггүйгээ гайхуулж, өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн болох талхыг 300 төгрөгийн үнэтэй хэмээн хэлж олны дургүйцлыг төрүүлж байв.
2013 онд. Нэг кг махны үнэ мэддэггүй УИХ-ын гишүүн асан Ө.Энхтүвшин. Тэрбээр тухайн үед олон нийттэй уулзах үедээ “Махны үнэ 1200 төгрөгт хүрлээ” хэмээн хэлж олны нүдийг орой дээр гаргаж байв. Тухайн үед хонины мах 7000 төгрөг, үхрийн мах 8000-9000 төгрөгт хэлбэлзэж байжээ.
2014 онд. Тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Өндөг бол тансаг хэрэглээ” гэв. Тухайн үеийн Засгийн газрын тэргүүн байсан тэрбээр эдийн засгаа хэмнэж, хэмнэлтийн горимд шилжих үед өндөгийг тансаг хэрэглээнд оруулж байсан удаатай.
2019 онд. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Төмпөн дүүрэн мах чанаж хорхог хийдэг махны замбараагүй хэрэглээгээ болих хэрэгтэй” гэж хэлээд олон нийтийн шүүмжлэл дагуулж байсан. Манай улс 70 орчим сая малтай ч махны үнэ өдрөөс өдөрт нэмэгдсэн энэ цаг хугацаанд махны үнийг бууруулж, барих ёстой байсан хүмүүсийн нэг ийнхүү хэлсэн нь олны дургүйцлыг төрүүлж байв.
2020 онд. Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар “Хүүхдийн автобус яаж явж байгаа вэ” гэж албаны даргаасаа асуув. Тухайн үед ковид цар тахлаас болж бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн, сургууль цэцэрлэг хаалттай байсан үед ингэж асуусан нь мэдрэмжгүй улс төрч гэх шүүмжлэлийг дагуулж байлаа.
2022 онд. Нийслэлийн засаг даргын орлогч Д.Ихбаяр “Сайжруулсан түлш хямд учраас иргэд их түлж байнахэмээн хэлж олон нийтийг бухимдуулав. Цар тахлын үед шахмал түлшний үнийг 50 хувиар бууруулсан ч, иргэдийн амьдрал сайнгүй байгаа энэ үед ийнхүү хэлсэн нь мэдрэмжгүй, сэтгэлгүй улс төрч болохыг нь харуулсан.
2022 онд. УИХ-ын гишүүн Н.Учрал. Баян айлын өв залгамжлах ганц хүү гэгддэг тэрбээр УИХ-д хоёр дахиа сонгогдон ажиллаж буй. Гэвч тэрбээр “Иргэд НӨАТ-ын буцаан олголтоороо амьдарч байна” гэж хэлсэн нь мэдрэмжгүй, амбицаас өөрийг боддоггүй болохыг харуулсан. Иргэд худалдан авсан бүтээгдэхүүнийхээ 2 хувийг буцаан авч буй. Гэхдээ энэ мөнгөөр амьжиргаагаа залгуулах ямар ч боломжгүй юм.
2022 онд. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун. Тэрбээр “Нэг ширхэг талхны үнэ 1000 гаран төгрөг” хэмээн чуулганы индэр дээрээс мэдэгдэв. Тэрбээр УИХ-д гурван удаа сонгогдсон, “Дорнод гурил” компанийн захирал албан тушаалтай нэгэн. Тэгсэн хэрнээ иргэдийнхээ бодит амьдралыг тэрбээр мэдэхгүй гэдгээ гайхуулсан. Өнөөдөр Үндэсний статистикийн гаргасан 7 хоног тутмын судалгаагаар иргэдийн өргөн хэрэглэдэг “Атар” талхны үнэ 2085 төгрөгний дундаж үнэтэй байна.