“Гашуунсухайт” боомтод нийт 7,000 гаруй тээврийн хэрэгсэл Монгол Улсын нүүрсний тээврийн үйл ажиллагааг зохицуулан явж байна. Үүнээс дөнгөж 10 хувь хүрэхтэй үгүйтэй 700 орчим автомашинтайгаар Монголын үндэсний тээврийн компаниуд гүйцэтгэж байна.


Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хууль зүй, Дотоод Хэргийн сайд улс хоорондын байнгын ачаа тээвэрлэх С зөвшөөрлийг уурхайнууд болон борлуулалттай уялдуулж нүүрс худалдан авагч талын саналын дагуу тээвэрлэгч байгууллагад олгоно гэж мэдэгдсэн билээ. Гэвч одоогоор Цагаанхад бөмбөлөг терминал буюу жолоочгүй машинаар тээвэр хийж байна.
Монголын тээврийн компаниуд өнгөрсөн хугацаанд хамаг хөрөнгөө зарцуулж, банкны өндөр хүүтэй автомашинуудыг үйлдвэрт нь зургаан сарын өмнөөс захиалан оруулж иржээ. Үйлдвэрээс гарах хугацаа, хил гаалиар нэвтрүүлэх гэж үүнээс ч илүү хугацаа, хөрөнгө мөнгө болж, зовж оруулж ирсэн гэхэд болно. Гэвч эдгээр автомашиныг нь АТҮТ-өөс “С зөвшөөрөл олгох хугацаа дууссан” гэх нэрийдлээр буюу бүртгэлийг зургадугаар сарын 13-наас хойш дуусгавар болгож бүртгэхээ больжээ. Уг нь нийтэд зарласан дүрэм, журамдаа долдугаар сарын 1-нийг хүртэл С зөвшөөрлийг олгох байж.

Гэвч холбогдох албаны хүнд суртлаас үүдэн, С зөвшөөрлийг олгохоо больсон нь банкнаас зээл авч автомашин оруулж ирсэн монгол иргэд, тээврийн компаниудыг дампуурах нөхцөл байдалд хүргээд байгааг онцлох зүйн хэрэг.
Уг асуудалд Сангийн сайд тэргүүтэй Б.Жавхлан болон АТҮТ, Боомтын зөвлөл анхаарлаа хандуул, нэмэлт бүртгэлийг хийн бөмбөлөг үүсгэхгүй бол монголын тээврийн үйлчилгээ хийдэг иргэд, компаниудыг модоо барихад хүргээд байна. Үндэсний тодотголтой цөөн тээврийн компаниуд чинь өр зээлэндээ баригдаад, татвар татаасаа ч өгч дийлэхгүй байдалд хүрээд байна.

Урд хөршийн хувьд өөрсдийн компанийн эрх ашгийг үргэлж нэг номерт тавьж ажиллаж байна. Гадаадын хөрөнгө оруулалттай, хятадын тээврийн компаниуд хэдийнээ С зөвшөөрлийг өөрсдийн жолооч нартаа олгож тээврээ эхэлсэн бол монголын талын компаниуд зөвшөөрлөө ч авч чадахгүй өнөөг хүрчээ.

Монгол улс, БНХАУ-ын тээврийн хэлцэлд хоёр улс 50:50 хувийн машин явуулах хэмээн заасан байдаг. Гэвч порцорц алдагдаад удаж байна. Үүнийг төр засгаас анхаарч, арилжааны банкнаас зээл авсан иргэд, байгууллагуудаа дэмжин ядаж л 70:30 хувьд хүргэж, анхаарч ажиллахгүй бол нүүрсний тээврийн салбарт аль хэдийнээ гадаадын тээврийн компаниуд монопол тогтоожээ. Энэ нь гаднын компаниуд Монгол улсад орж ирэх нэг их наяд төгрөгөөр хэмжигдэх хэмжээний тээврийн орлогыг оруулж ирэх боломжийг боомилж буй хэрэг юм. Өөрөөр хэлбэл, гадаадын оффшорын компаниар мөнгөө Монгол улсад орж ирэх нэг их наяд төгрөгийн орлогыг алдаад байна.
Үүнээс гадна, эрх баригч албан тушаалтнууд гаднын хөрөнгөлөг компаниудад тавьдаг өндөр шаардлагаа монголын компаниуддаа тавьж, санаатайгаар монгол компаниудыг бөмбөлөг үүсгэхэд оролцохгүй байлгахаар саад үүсгэж байгааг онцолмоор байна.

Тухайлбал, хил гаалиар тээврийн автомашинуудыг нэвтрүүлэхдээ БНХАУ-ын автомашинуудыг нэвтрүүлж, элдэв байшин барилга бариулах босго тавьж байна. Гадаадын хөрөнгө оруулалттай хөрөнгөлөг компаниуд иймэрхүү байдлаар тээвэр хийх зөвшөөрөл, эрх дархаа авч байна. Ийм нөхцөл байдалд монгол компаниудыг хохироосоор байх уу. Үүнд боомтын зөвлөл анхаарч ажилламаар байна.

Тиймээс төрийн бус байгууллагууд болон тээврийн аж ахуйн нэгжүүд олон удаа Засгийн газарт энэ авлига хээл хахуулийн асуудлыг болиулах, тээврийн ААН-үүдэд ижил тэгш эрх олгох саналыг тавьж ирсэн.
Засгийн газар С зөвшөөрлийн талаарх хуулийн төсөлд тээврийн салбар бус Сангийн яам, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам, уурхайнууд С бичгийг худалдан авагч буюу Хятадын талын ААН-ийн саналыг үндэслэж олгоно гэх заалтыг тусгажээ. Тээврийн салбараа үгүй болгох хэмжээний хуулийн төслийг санаачлан өргөн барьж буйд тээврийн ААН-үүд эмзэглэж байна.
Өдгөө нүүрсэн тээвэр хийдэг 250 гаруй тээврийн компанийн 30 хүрэхгүй монгол компани эх орондоо татвараа төлөөд, ажилчдаа цалинжуулаад, баялаг бүтээгээд тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгээд явж байгааг эрх мэдэлтнүүд ойлгож, эх орондоо орж ирэх мөнгөн урсгалыг боомилохгүй байхыг тэд хүсэж байгаа юм. Хуулийн төсөлд зааснаар Монголын тээврийн яамны хийх ёстой ажлыг худалдан авагч болон уурхайнууд хийх гэж байгаа нь үндэсний тээврийн компаниудаа зах зээлээс шахаж буй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Энэ байдал цааш үргэлжилбэл Үндэсний аюулгүй байдлын асуудалд нөлөөлнө гэдгийг ойлгооч сайд, дарга нараа.

Б.ДЭЖИД