Монгол Улсын найман нэрийн хүнсний дэлгүүр, худалдааны төв болон сүлжээ дэлгүүрүүд хүнсний бүтээгдэхүүнээ “Барс” худалдааны төвөөс авдаг.

Тус худалдааны төв нээгдээд 27 жилийн нүүрийг үзжээ. Гэвч өдийг болтол ганц ч удаа зам засварын ажил хийгдэж байгаагүй байна. Үүр цайхаас үдшийн бүрий болтол хүний хөл тасардаггүй энэ худалдааны төвийн эргэн тойрны орчин, эрүүл ахуйн шаардлага хангадаггүй гэдгээрээ хэзээнээс “алдартай”.

21-р зуунд хотын А зэрэглэлийн байршилд байрлах тус захын эргэн тойрны бохир заваан байдалд хариуцлага тооцох хүн байдаггүй бололтой.


Өвөлдөө хашааны эргэн тойронд шээс баасны мөсөн дов бий болж, зундаа илжирч муудсан, эсэж өмхийрсөн бүтээгдэхүүний үнэр захын хашааны гадна, доторгүй ханхийнэ.

Нийслэлийн Баянгол дүүргийн 3-р хороонд байрлах тус захын эрүүл аюулгүй орчинд шаардлага тавих эрх мэдэлтэн алга. Тэрбүү хэл, нийслэлийн Захиргаанаас ч тус захын “харамч” боссуудын эрх ямбыг хүчирдэггүй бололтой.
Тус захын орчны бохирдлоос гадна хөл эргэх зайгүй хүн, машины цуваа олны анхаарлыг татдаг. Өвөлдөө хальтарч хөл гараа хугалчих гээд, зундаа энд тэндгүй нуур далай болсон шавар шалбааг татдаг гэдгийг мэдэхгүй хүн үгүй.
Зах доторхи зам засварын талаар “Барс импэкс” ХХК-ийн орлогч захирал М.Эрдэнэчимэг нэгэн хэвлэлд ярихдаа “Манай худалдааны төвийг тойруулаад л ойр орчмын замыг дүүргийн тохижилт үйлчилгээний газар засаж сайжруулаад байх юм. Гэтэл манайх чинь Баянгол дүүргийнхээ харьяанд ордог. Тиймээс зам засварын ажлыг хот тохижилтоос хийгээд өгч болдоггүй юм уу. Өмнө нь хийгдэж байсан судалгаагаар манайд өдөрт 1000 гаруй машин орж ирдэг байсан. Харин одоо багассан. Учир нь нийтийн эзэмшлийн зам талбайд худалдаа эрхэлдэг болсноос үүдсэн. Энэ ил задгай наймаа эрхэлж буй хүмүүст хууль яагаад үйлчилдэггүй юм. Харин манайд байнга Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хяналт, шалгалт хийж торгоод байдаг” гэжээ.
“Барс” худалдааны төв нийтдээ 450 түрээслэгчтэй. Түрээсийн үнэ 350 мянгаас хоёр сая төгрөгийн хооронд байдаг. Хог ачуулахад сардаа 7-8 сая төгрөгийг зарцуулдаг байна.