Хэнтий аймгийн Баян-Адарга сумын гэр бүлийн хоёр хүнийг найман ишиг хулгайлсан гэх хэрэгт буруутгагдлаа хэмээн цахим орчинд дуулиан дэгдсэн. Тэгвэл тэд найман ишиг бус уг 56 тооны бог мал хулгайлсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байгаа тул анхан шатны шүүхээс тэдэнд ял оноосон юм. Тодруулбал, Ц.Төмөр түүний эхнэр Л.Гэрэлзаяа, Л.Гэрэлзаяагийн ээж Б.Даариймаа нар нь бүлэглэн Хэнтий аймагт 2021 оны 9 дүгээр сарын 04-нөөс 05-ны өдрийн хооронд Т.Болдбаатарын 44 тооны ишиг, 9 тооны хурга нийт 53, Ж.Эрэвгийламын 3 тооны бүдүүн хонь нийт 56 буюу олон тооны малыг Т.Болдбаатарын, Ж.Эрэвгийламын нарын эзэмшлийн мал гэдгийг мэдсээр байж, уг 56 тооны бог малыг ногоон өнгийн будгаар шинээр будаж хуучин цэнхэр өнгийн будгийг нь дарж өөрчилсөн. Улмаар 8 тооны ишгийг машин механизм буюу 48-21 ХЭҮ улсын дугаартай хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж Н.Г хонин сүрэгт нийлүүлж, 56 буюу олон тооны малыг хулгайлж, Т.Болдбаатарт 2,120,000 төгрөг, Ж.Эрэвгийлхамд 570,000 төгрөг, нийт 2,690,000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцож Л.Гэрэлзаяад хоёр жил зургаан сарын ял, Ц.Төмөрт хоёр жилийн ял оноосон байна.

Тэд уг гэмт хэргийг үйлдэхдээ машин мехнизм ашигласан нь уг гэмт хэргийг шийдвэрлэхэд хүндрүүлсэн үйлдэл болжээ. Мөн бүлэглэсэн нь хүндрүүлэх нөхцөл байдал бөгөөд энэ гэмт хэрэг нь хүнд гэмт хэрэг юм.
Анхан шатны шүүхээс ял сонссон Л.Гэрэлзаяагийн ээж Б.Даариймааг харин анхан шатны шүүхээс цагаатгасан.
Өнөөдөр Хэнтий аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд уг хэргийн давж заалдах шатны шүүх хурал боллоо. Улмаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр боллоо. Ингэхдээ гэр бүлээрээ 56 тооны мал хулгайлсан гэмт хэрэгт  оролцсон ч цагаадсан гэх Л.Гэрэлзаяагийн ээж Б.Даариймаагийн асуудлыг хэлэлцэхээр болсон юм.

Уг хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэх хртэл 56 тооны мал хулгайлсан гэх Л.Гэрэлзаяа түүний нөхөр Ц.Төмөр нарт авса таслан сэргийлэх арга хэмжээг өөрчиллөө. Ингэснээр найман ишиг бус 56 мал хулгайлсан хэрэгт шалгагдаж буй Ц.Төмөр, Л.Гэрэлзаяа  нар цагдан хоригдохгүй гадуур байна гэсэн үг юм.
Улмаар тэдэнд оноосон ялыг хэвээр үлдээлээ.
А.Баярмаа