“Эм Би Эс мед” ХХК буюу “Монгол Хьюндай” эмнэлгийн гүйцэтгэх захирал асан, өмнө нь ГССҮТ-ийн дэд захирлын албан тушаал хашиж байсан Д.Мөнхбатад Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс торгох ял шийтгэлээ. Тэрбээр дээрх хоёр эмнэлэгт хамт ажиллаж байсан эмч Д.Баасанжавтай хамт мөнгө угаасан, бусдын хөрөнгийг завшсан гэх хэрэгт холбогдсоныг бид өмнө нь мэдээлж байв. Д.Мөнхбат “Эм Би Эс мед” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад БНСУ-ын хөрөнгө оруулагч “Ириүм” компанийн захирал Ким Бү Собын тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг. Ийнхүү чөлөөлөгдсөн атлаа компанийнхаа дансанд бүртгэлтэй 150 гаруй нэр, төрлийн 399 ширхэг, гурван тэрбум гаруй төгрөгийн үнэтэй MRI, компьютерт томограф зэрэг эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшиж, өөрсдийн байгуулсан “Эм Би Жи мед” компанийн хөрөнгө мэтээр бүртгэн, гэмт хэргийн замаар олсон хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдалсан хэмээн буруутгагдсан. НПГ-аас дээрх хоёр эмчид Эрүүгийн хуулийн 17.4-2.2-т заасан “их хэмжээний хохирол учруулж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан”, 18.6-2.2 дахь хэсгийн “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн билээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад уг хоёр хүн БНСУ-ын хөрөнгө оруулагчаасаа завшсан тоног төхөөрөмжүүдээ Худалдаа хөгжлийн банканд барьцаанд тавьж 4.9 тэрбум төгрөг зээлж, мөнгө угаасан гэх үндэслэлээр прокуророос яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гарагт тэдэнд холбогдох хэргийг хэлэлцээд Д.Мөнхбатыг эд хөрөнгө завшсан гэм буруутайд тооцож, 12 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн бол мөнгө угаасан үйлдлийг нь хэрэгсэхгүй болгосон байна.

Харин Д.Баасанжавыг гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгажээ.