Улсын начин Б.Бадрал гэр бүлийн хамт усанд амиа алджээ

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харъяат Улсын начин Б.Бадрал өнгөрсөн долоо хоногт гэр бүлийн хамт усанд живж амиа алджээ. Эх сурвалжийн мэдээллээр, тэрээр жирэмсэн охиноо түрүүлэн уснаас гаргаад эргэж эхнэр хүүхдүүдээ авахаар усанд ороод эргэж гарч ирээгүй аж.

Онцгой байдлын газраас өгсөн мэдээллээр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Шивлэг багийн нутаг, Бэлтэсийн ам дахь Бөштигийн рашаанаас сумын төв рүү автомашинаар зорчиж явсан иргэд өнгөрсөн лхагва гаригт Бэлтэсийн голын усанд живсэн.

Живсэн “Ланд круйзер-80” автомашинд 4-49 насны зургаан хүн сууж явсан байна. Автомашин урсах явцад 26 настай, хөл хүндтэй бүсгүй зориг гарган бууж, явганаар гол гатлан нөгөө эрэгт нь гарсан гэнэ.
Улмаар Хатгал тосгоны Онцгой байдлын хэлтэст дуудлага өгсөн аж. Үүний дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын болон Цагдаагийн газрын алба хаагчид, ЗДТГ-ын ажилтнууд долдугаар сарын 17-нд ослын газарт очжээ.

Ингээд тухайн өдрийнхөө 09.40 цагт дөрвөн настай Т-ын цогцсыг автомашины тээшнээс гарган авсан гэнэ. Мөн ослын цэгээс 6-13 км-ийн зайтай газраас 49-тэй Б, 48-тай С, 20-той Б, 10 настай Б-гийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.