Фитнесс модель Анухай: “Эр эм нь мэдэгдэхгүй сэжгийн хүүхэн гэх тусам өөрөөрөө бахархдаг


Бодибилдинг, фитнессийн мэргэжлийн тамирчин, дэлхийн хошой аварга Н.Анужин цахим орчинд фитнесс модель Анухай нэрээрээ танил болсон булчинлаг бүсгүй. Өөрийн гэсэн фитнесс агентлагтай болж, шилдэг тамирчидтай цуг онлайн сургалт явуулж эхэлсэн тэрбээр гэртээ хүүхдээ асарч суугаа ээжүүд, жирэмсэн эмэгтэйчүүдийг хүртэл гоё сайхан байлгахаар чармайдаг гэсэн.

Бие галбирыг цогцоор нь “урладаг” гэх спортынхоо ачаар идэр чийрэг эр хүнээс дутахааргүй булчин шөрмөс нь зангирсан Анухай энэ бүхнээрээ харин ч нэг бахархдаг гэнэ лээ. Тиймдээ ч, өөрийн цахим хуудаснаа “Сэжгийн хүүхэн, заваан хүүхэн, эр юмуу эм юмуу гэдэг үгээ одоо боль оо. Надад үйлчлэхээ больсон, моодноос гарсан үг. Харин ч бараг ийм үг сонсохоор өөрөөрөө бахархаж, огшиж байна” хэмээн жинтэйхэн тайлбар хийжээ.

Ганц бие түүний хувьд хөөрхөн хүүгээ өсгөхийн сацуу мэргэжлийн спортоор хичээллэж, болзоонд явж, ямар ч цаг үед өөрийнхөөрөө байхыг эрмэлздэг юм билээ. Булчинлаг биетэй байлаа гээд эрчүүд түүнээс дөлж зугтах бус харин ч чанга бие, нарийнхан бэлхүүс, хөдөлгөөний эвсэл сайтай уян хатан эмэгтэй гэж ихэд шохоордог гэсэн шүү.