Поп хатагтай Б.Сарантуяа энгийн амьдралыг эрхэмлэж явна

ОХУ-ын попын хатан хаан, “амьд домог” гэгддэг Алла Пугачёва шиг монголын поп урлагийн тайзан дээр олно жил гялалзаж яваа МУГЖ, дуучин Б.Сарантуяа эгэл амьдралд уусч, энгийн бүхэнд тэмүүлэх болжээ.

Цагтаа хайрын дуугаар халхын сайхан эрчүүдийг хуйлруулж, хамгийн үнэтэй лимузин машинаар хөдөөгүүр аялан тоглолт хийж байсан поп хатагтай нас тогтохын хэрээг улам намбалаг болоод байгаа.

Урлагийн ертөнцөд өөрийн гэсэн орон зайгаа хэдийнэ бий болгож дархлагдсан тэрбээр гоо сайхны мэс ажилбар цөөнгүй хийлгэж, хөгшрөлтийн эсрэг өөрийн хэмжээнд тэмцэж буй нь нууц биш. Хувцас сонголт, стиль имижийн тухайд хэзээнээсээ л шүүмжлэлд өртдөг Б.Сарантуяа одоо чамин загвар бус биед эвтэйхэн, чөлөөт хувцас сонирхож эхэлсэн аж.

Гурван хүүхдээ хүний дайтай өсгөхийн тулд заавал эр нөхөр нэртэй хэн нэгнийг залж, үйлчлэгч аятай амьдрахыг хүсдэггүй гэдгээ ил шулуухан хэлчихдэг поп хатагтай гоё ганган хувцас, будаг шунхаа ч энгийн үед хэрэглэхээ болиод байгаа.

Яг л өөрийнхөөрөө, байгаа байдлаараа л бусдын өмнө үнэн амьдрахыг тэр хичээж явна.