Луу жилтнийг анхандаа хүмүүс ойлгохгүй ч дараа нь хүн бүр түүнийг хүндэлж, гайхан биширдэг. Луу гэдэг бол тэнгэрийн сүр хүчийг бэлгэддэг ба эд баялаг, урт удаан нас, буянтай сайн үйлийг авчирдаг байна.


Луу жилтэнд эрүүл мэнд, амьдралын эрч хүчийг бурханаас хэтрүүлэн заяасан гэлтэй. Бүхий л амьдралынхаа туршид юугаар ч дутагдахгүй амьдарч, ямар ч ажилд амжилт гаргаж чадна. Түүнд тохирохгүй мэргэжил гэж бараг үгүй.

Хов үг, бялдууч занг үздэггүй. Тэр хэний ч итгэлийг даах найдвартай хүн. Бүхнийг жин тан байлгах хүслээсээ өөртөө болон бусдад өндөр шаардлага тавьдаг ба түүнээсээ илүүг хийж бүтээж чадна. Хэт нямбай, дэг журамтай.

Нэлээд хэцүү зан ааштайгаасаа болоод ялихгүй зүйл дээр ч ихээр шаналж байдаг. Бас нэлээн бухимдуу болохоор бодсоноосоо түрүүлээд тоогүй үг хэлэх нь ч бий.
Барьж боломгүй зоригтой, олон талын авъяас чадвартай ухаалаг, ариухан сэтгэлтэй, олонд хүндлэгддэг учраас хүмүүс түүнийг үргэлж сонсдог.
Тэр өмнөө том зорилго тавьсан л бол заавал тэрэндээ хүрдэг. Харамсалтай нь муу үйлсэд ч хэнээс ч илүү байдаг.

Амьдралаа хулгана жилтэнтэй холбовол тэр таны ямар ч үйлдлийг тэвчиж чадна. Хулгана түүнийг их зүйлд өөрчилж чадна. Мөн могой, тахиа жилтнүүдтэй ч сайхан амьдарна. Хайр дурлал, ажил хэрэг аль алинд нь бич жилтэн түүнийг маш олон зүйлд сургана. Тэд хоёулаа бие биедээ хэрэгтэй хүмүүс байх ба харин бич үүнийг гүйцэд үнэлж байх нь чухал. Бар жилтэнтэй холбогдвол хэзээ ч тайван байдалд хүргэхгүй. Гэхдээ түүнээс илүүтэйгээр нохой жилтнээс зайлсхийж байх хэрэгтэй.

Хайр дурлалд бусдад хайрлагдах нь өөрөө хэн нэгнийг хайрлахаас хавьгүй олон. Тэр хайр дурлалаас болж хэзээ ч шаналж зовдоггүй. Тэд насныхаа залууд гэрлэх нь ховор ба зарим нь үргэлж ганц бие чигээрээ үлдэх нь ч бишгүй байдаг. Учир нь тэдний дунд ганцаараа амьдрах нь илүү дээр, тайван гэж үздэг нь маш олон. Түүндээ ч сэтгэл хангалуун байдаг.