“Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”, “Сайн байна уу, Улаанбаатар”, “Сэтгэлийн жигүүр” зэрэг дуунуудаараа 70, 80-аад оны залуусыг байлдан дагуулж, Монголын ард түмэнд хайрлуулан хүндлэгдсэн Улсын филармонийн гоцлол дуучин МУГЖ Хайдавын Төмөрбаатар насан эцэслэж, тэнгэрт хальжээ.


Улсын филармонийн “Баян монгол” чуулгыг үндэслэн байгуулагч анхдагчдийн нэг дуучин Х.Төмөрбаатар агсан Хөгжим бүжгийн дунд сургууль төгсч, хуучнаар ЗХУ-ын Львов хотын Хөгжмийн дээд сургуулийг төгөлдөр хуурчийн мэргэжлээр төгсчээ.
Улсын филармонийн “Соёл эрдэнэ”, “Баян Монгол” чуулгад гоцлол дуучин, уран сайхны удирдагчаар ажиллаж байсан. Оюутан ахуйдаа 1972 онд Киев хотод болсон оюутан, залуусын эстрад дуучдын уралдаанд оролцож түрүүлснээр эстрад урлагийг сонгосон нэрт дуучин. 1977 онд Сочид болсон “Улаан сарнай” тэмцээн, 1984 онд Германы Дрезден хотод болсон “Рок Шлягер” олон улсын тэмцээний III, 1986 онд Братиславын цомын тэмцээний үзэгчдийн, мөн олон улсын “Ая дууны жигүүр”, “Орос дууг хэн сайн дуулах вэ” зэрэг уралдаан, тэмцээн, наадмын тэргүүн байрын шагналуудыг удаа дараа авч Монголын эстрад урлагийг дэлхий дахинд сурталчлахад онцгой хувь нэмэр оруулсан уран бүтээлч байв.

Түүнийг 2000 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МУГЖ цол тэмдэгээр шагнасан байдаг.