Н.ТӨГСЦОГТ ТУЛАЛДАНА

Мэргэжлийн боксын IBO холбооны аварга, МУГТ “King Tug” хочит Нямбаярын Төгсцогт дэлхийн ринг дээрх замналын 13 дахь тулаанаа хийх гэж байна.

Тэрбээр энэхүү тулаандаа ялалт байгуулбал WBC холбооны аваргын бүсийн төлөө Гари Расселлтай дахин хүч үзэх эрхтэй болох юм.

Энэ удаа түүний өрсөлдөгчөөр Барбадос улсын тамирчин Кобиа Брийди байх бөгөөд өдгөө 28 настай тэрээр 2014 онд мэргэжлийн бокс руу шилжиж, нийт 15 тулаан хийснээс бүх тулаандаа ялалт байгуулжээ. Тэр дундаа таван өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан хүчирхэг тамирчин юм. Анх гарсан төлөвлөгөөний дагуу Н.Төгсцогттой Мексикийн боксчин Эдуардо Рамирестэй тулалдах байсан ч тэрээр тулаанаас хоёр долоо хоногийн өмнө коронавирус тусч тулалдах боломжгүй болжээ.