2000 оны эхээр монголын хүүхэд залуусыг байлдан дагуулж байсан “Татар” хамтлагийн гишүүн Мөөгий буюу Д.Мөнхчулуун өдгөө орон нутгийн сонгуульд Чингэлтэй дүүрэгт АН-аас нэр дэвшиж байгаа ажээ.


Тэрээр сүүлийн 8-9 жил улс төрд шургалж, нам дагаж “гүйх” болсон.
Дашрамд дуулгахад, “Татар” хамтлагийн гишүүд нэр эзэмшигчийн асуудлаар “Оюуны өмчийн газар”-т маргаан үүсгэсэн талаар яриа байдаг. “Татар” хэмээх нэрийг тус хамтлагийн гишүүн Мөөгий буюу Д.Мөнхчулуун өөрийн нэр дээр бүртгүүлж, хамтран эзэмшихээс татгалзсан учир бусад гишүүд ашиглаж чадахгүй байгаа талаарх мэдээлэл байгаа.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлд “…үйлчилгээ эрхлэгчдийн нийгэмлэг, холбооны гишүүд хамтын тэмдгийг нэгдсэн хяналтын дор ашиглах эрхтэй” гэж заасан байдаг. Бид “Оюуны өмчийн газар”-ын барааны тэмдгийн бүртгэлээс хайж үзэхэд “Татар”хамтлагийн нэр Д.Мөнхчулууны нэр дээр бүртгэлтэй байсан юм.

Д.Мөнхчулуун хэлэхдээ “2015 онд “Татар” гэсэн нэртэй улс төрийн сайт нээгдсэн байсан. Тиймээс бид нэрээ патентчилж авахгүй бол өөр байгууллага ашиглах магадлалтай гэдгийг мэдээд бүртгүүлэхээр шийдсэн. “Оюуны өмчийн газар”-т бүртгүүлэхийн тулд хамтлагийн бүх гишүүний зөвшөөрөл хэрэгтэй байдаг. Хамтлагийн гишүүд маань ч зөвшөөрч, хоёр жил хөөцөлдсөний эцэст би өөрийн нэр дээр бүртгүүлсэн. Нэр эзэмшигчийн асуудлаар хамтлагийн гишүүдийн дунд ямар ч маргаан гараагүй” гэжээ.