МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын албан тушаалд нэр дэвшигчдийн нэрс албан ёсоор гарчээ.

Тухайлбал, МҮОНТ-ийн дэд захирал Г.Гэрэл, Саунд Монголиа компанийн гүйцэтгэх захирал М.Уянга, МҮОНТ-ийн сэтгүүлч Г.Агааноров, ММ агентлагийн захирал асан Р.Гандиймаа, ММ агентлагийн редактор асан А.Энхтуул, “Өнөөдөр” сонины сэтгүүлч одоогийн ҮЗ-ийн гишүүн Д.Оюун-Эрдэнэ, Үндэсний брэндийн ажлын албаны дарга Н.Дэмбэрэл, сэтгүүлч С.Баярмөнх, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал асан Л.Нинжжамц, ММ агентлагийн хөтлөгч Г.Чоглоонамжил, ТВ5 захирал асан Э.Дагиймаа МҮОНРТ-ийн Ерөнхий захирал асан М.Наранбаатар, сэтгүүлч Б.Цондовдорж, сэтгүүлч А.Бүрэнбаатар, Плэй бой сэтгүүлийн эрхлэгч Н.Болормаа, нэвтрүүлэгч Ш.Бямбацогт,сэтгүүлч М.Амарбаяр нар нэрээ дэвшүүлэхээр болсон байна.

Нэр дэвшигчдэд дараах ерөнхий шаардлагыг тавьж байгаа аж.

-Дээд боловсролтой, Магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх,

-Ял шийтгэлгүй байх,

-Улс төрийн аль нэг намын гишүүн бус байх,

-Хэвлэл, мэдээллийн салбар болон түүнтэй адилтгах чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан, удирдах ажлын таваас доошгүй жилийн дадлага, туршлагатай байх,
-НҮБ-ын албан ёсны нэгээс доошгүй хэлээр мэдээлэл авах, ярианы болон бичгийн дундаж болон түүнээс дээш мэдлэг чадвартай байх,

-Байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа, эрсдэлийн удирдлага, эрх зүйн чиглэлээр зохих мэдлэг, дадлага туршлагатай байх,
-ОНРТ-ийг хөгжүүлэх, нэвтрүүлэг, контентын бодлого, чанар, үр нөлөөг сайжруулах, менежмент, техник, технологийн шинэчлэлийн бодлогыг боловсронгуй болгох, хүний нөөцийн зохистой бодлого хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн байх,

-”Хөдөлмөрийн тухай” Монгол Улсын хуулийн холбогдох заалтуудад заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй байх гэжээ. Нийт оролцогчдоос ҮЗ-өөс гаргасан журмын дагуу хоёр хүн сүүлийн шатанд оролцох юм байна.