Таван жилийн өмнө Зэвсэгт хүчний 337 дугаар ангид унасан нисдэг тэрэгний ослын буруутныг тогтоож чадахгүй байна

Налайх дахь Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн байрлалд одоогоос таван жилийн өмнө буюу 2015 оны арванхоёрдугаар сарын 23-ны 21.00 цагийн үед “Ми-8Т” загварын нисдэг тэрэг осолдож, бортмеханикч, ахмад М.Батбаяр амиа алдан, 10 хүн бэртсэн юм. Осол гарснаас хойш таван жилийн хугацаа өнгөрөхөд гэм буруутай хүмүүсийг тогтоож, хариуцлага хүлээлгэж чадсангүй. Шөнийн цагаар хийсэн уг нислэгийг Зэвсэгт хүчний Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлалаас баталсан удирдамжийн дагуу тус ангийн удирдлага, сургагч-багш нар, ОХУ-д суралцаад ирсэн шинэ төгсөгчид, дээрх командлалын зарим албан тушаалтны хамтаар хийсэн төлөвлөгөөт нислэг байсан. Өдөр, шөнийн дадлагыг сард 2-3 удаа зохион байгуулдаг. Нислэгт нисгэгч, сургагч нисгэгч, аэродромын хангалт, гэрэлтүүлэг, дохиоллын инженер, техникийн бүрэлдэхүүн оролцсон хэмээн албаны хүмүүс мэдээлсэн билээ.


Уг нь энэ хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, улмаар харьяаллын дагуу МБА-ны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шилжүүлж мөрдөн байцаалт явуулан

Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн захирагчийн орлогч, хурандаа Н.Баясгалан, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Улсын нисэхийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, хурандаа Б.Дашаахүү болон тус ангийн албан тушаалтнууд болох С.Ганболд, Д.Ринчин, Ш.Батжаргал, Д.Ганхуяг, С.Энхболд, Э.Хаш-Эрдэнэ нарын гэм буруутай, эсэхийг тогтоолгохоор болсон аж.

Үүнээс өмнө зарим хүнд нь яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад хүргүүлсэн ч шинжээчээр ажилласан албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэнэ. Тиймээс нэг бус хүнийг нэмж яллагдагчаар татаж, НПГ-т хэргийг өнгөрсөн зун шилжүүлжээ. Улмаар дээрх найман хүнд тус Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 28.11-2 дахь хэсэгт заасан “Байлдааны, сургуулийн нислэг хийх, түүнд бэлтгэх талаар тогтоосон журам зөрчсөний улмаас онгоц сүйрсэн, эсхүл хохирогч нас барсан”, 22.1-2-ын “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн, гэм буруутай, эсэхийг нь тогтоолгохоор Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн аж.

Гэвч тус шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж, хаалттай хэлэлцсэн хурлаас нэмэлт мөрдөн байцаалтад буцаах захирамж гаргажээ. Үүнийг нь хэрэгт хяналт тавьж буй НПГ-ын хяналтын прокурор М.Очбадрах эсэргүүцэж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан ч анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж дүгнэсэн байна.