Хорио цээрийн дэглэм зөрчсөн Вьетнам улсын иргэдийг шалгаж байна

Бүх нийтийн хатуу хөл хорио тогтоосон энэ цаг үед  зөвшөөрсөн 15 чиглэлээс бусад нь ажиллахгүй. Хэрвээ хорио цээрийн дэглэм зөрчин ажилласан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх зохицуулалттай.

Тэгвэл урьд шөнө хорио цээрийн дэглэм зөрчсөн Бүгд найрамдах Вьетнам улсын иргэдийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 12-р хороонд байрлах  Вьетнам авто засварт архидан согтуурч, ажиллаад байна гэх мэдээллийг иргэдээс цагдаагийн байгууллагад өгсөн байна.

Мэдээллийн дагуу 12-р сарын 24-ний 02:05 цагт  шалгахад БНВУ-ын иргэн Хян Гү Ки, Мин Ён, Рө, Гун Га нар архидан согтуурч, хорио цээрийн дэглэм зөрчиж, шөнийн цагаар үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогджээ. Тиймээс хэргийг Баянзүрх үүргийн цагдаагийн III хэлтсээс зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байна.

Хэрвээ тухайн иргэд визаны хугацаа хэтрүүлсэн, визаны зориулалтаас өөр зорилгоор Монгол улсад ажиллаж, амьдарсан бол албадан гаргах юм байна.

Иймд иргэн та бүх нийтийн хатуу хөл хорио тогтоосон энэ цаг үед өрийгөө болон бусдыг хамгаалж, гэрээсээ гарахгүй байх, гарсан тохиолдол халдвар хамгааллын дэглэм сахина уу.