“Хүрээ хүүхнүүд” гэдэг ойлголт 20-р зууны эхэн, Олноо өргөгдсөний тооллоос өмнөхөн үеэс л яригдаж эхэлсэн түүхтэй. Хүрээ хүүхнүүдийн ганган дэгжин, хээнцэр төрхийг тодорхой өгүүлдэг донжтой дуу бол “Хүрээ хүүхнүүд” юм. Уг дууны шүлгийг Ардын уран зохиолч Ш.Дулмаа бичиж, аялгууг нь Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, продюсер Б.Долгион туурвисан байдаг.

1990-ээд оны сүүлч 2000 оны эхээр Монголын рок,поп урлагт хүч түрэн гарч ирсэн хамтлаг бол “Уруулын будаг” юм. Тэд уг дууг анхлан дуулж 2000 онд “Пинтатоник” академийн шилдэг хамтлагаар шалгарч байсан.

Сайн дуу бүр шинэ эзэнтэй болж амилах бүрдээ дахин шинэчлэгдэж улам сайжирч байдаг. “Уруулын будаг” хамтлагийн хит болгосон дууг Ардын хөгжмийн “Бэхи” хамтлаг өөрийн хэв маягаар шинэчлэн дуулав.

Хориод жилийн дараа буюу 2017 онд “Хүрээ хүүхнүүд” дууг уртны дууны үндэсний поп “Замбуу тив хамтлаг дуулжээ. Энэ хамтлагийн 4 дэхь уран бүтээл нь энэ ажээ.

Монгол Улсын гавьяат жүжигчин, УИХ-ын гишүүн асан С.Жавхлангийн гэргий Г.Эрдэнэчимэг “Хүрээ хүүхнүүд” уран бүтээлээ 2020 оны бэлэг болгон задалжээ. Тус дууны шинэчилсэн хөгжмийн найруулгыг “Oceangrey production” бүтээжээ. Клипний өнгө аяс орчин үе болон уламжлалт хэв маягийг хослуулснаараа онцлог аж. Г.Эрдэнэчимэг дуучны стайлистаар Э.Эрдэнэсувд ажилласан ба хараа булаам төрхийг зураг авалтад шингээж чаджээ. “Хүрээ хүүхнүүд” дууны эхний хэсэгт уламжлалт Монгол хувцас, гоёл чимэглэл, эдлэл харуулсан ба түүний дараа Европын соёл орж ирсэн үеийн Монгол эмэгтэйн хээнцэр хувцас, чимэг зүүлт, орчинг бүрдүүлжээ.

“Хүрээ хүүхнүүд” дууг хамгийн сүүлд Дуучин Х.Мөнгөнцэцэг, Б.Болд нар хамтарсан “Амьдрал” тоглолтон дээрээ Х.Мөнгөнцэцэг, Т.Цогсогмаа, М.Үүрийнтуяа, М.Билгүүн, Б.Уранзаяа зэрэг таван бүсгүй өөр өөрийн өнгө аясаар дуулжээ.

“Хүрээ хүүхнүүд” дуу бол гуч гаруй жил дуулагдаж байгаа хүн бүхний дуулах дуртай дуу хэдий ч дуучин болгоны дуулчихдаг “амар” дуу биш ээ. Хэн сайн амилуулсанг та бүхэн дор бүрнээ тунгаах биз ээ.