Монгол Улсад шинэ цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 100 жилийн ойг энэ өдрүүдэд тэмдэглэж байна. Баярынх нь өдөр буюу энэ сарын 18-нд зэвсэгт хүчний 186 дугаар ангийн харуулаар ажилладаг иргэн өндрөөс унаж амиа алдсан. Үүнээс өмнө Баянхонгор аймаг дахь зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн алба хаагч мөн ил харагдах гэмтэл шархгүй нас барсан. Энэ мэтээр харамсалтай явдал шил даран гарч буй нь сахилга хариуцлага, ёс зүй алдагдсанаас үүдэлтэй хэмээн офицер, ахлагч нар сануулсаар л байдаг юм.

Хэдхэн хоногийн өмнө ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг төрлийн цэргийн командлал, зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын удирдлага болон дунд офицеруудад цэргийн алба, сахилга хариуцлага, дэг журам, ёс зүйн чиглэлээр цахимаар үүрэг, даалгавар өгсөн. Түүндээ “Та бидний цэргийн албаны өдөр тутмын үйл ажиллагаа амжилттай, сайн байгаа хэдий ч бас анхаарах асуудал бий. Нэгдүгээрт, цэргийн алба хаагчдын ёс зүй, сахилга хариуцлага. Цэргийн албаны харилцаа зөвхөн дүрмийн хүрээнд явагдах бөгөөд үг, үйлдлээрээ үргэлж зөв байх ёстой” хэмээсэн.

Тэгвэл ЗХЖШ-ын даргын хэлсэнчлэн үг, үйлдлээрээ үргэлж зөв байх ёстой гэсэн нь амьдрал дээр зөрчилдсөөр байгаа юм. Цэргийн алба хууль, дүрмийн хүрээнд явагдах ёстойг дээрх үгээрээ хошууч генерал Д.Ганзориг сануулсан байна. Гэтэл ам, ажил хоёр нь зөрөөд байх шиг. Үүнийг нэг бус жишээгээр эш татан хүргэе.

Барилга-инженерийн цэргийн удирдах газрын даргад хууль хамаагүй гэж үү

Зэвсэгт хүчний тухай хуульд өөрчлөлт оруулж, төрлийн цэргийн анги, нэгтгэлүүд байгуулсны дотор Барилга-инженерийн цэргийн удирдах газар багтсан. Анх 1964 онд бий болсон Барилгын цэргийн ерөнхий газар зах зээлийн шуурганд өртөж, батлан хамгаалах салбарт өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс тоног төхөөрөмжийг нь цөлмөснөөр энэ салбарын үйл ажиллагаа доголдоод байв. Харин хуульд өөрчлөлт оруулан уг салбарыг сэргээснээр эх орны өмнөд хэсэгт явуулж буй бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байгаа билээ.

Харин энэ Барилга-инженерийн цэргийн удирдах газрын даргаар Д.Жаргалсайханыг томилсон нь батлан хамгаалах салбарын хууль, тогтоомж зөрчсөнийг илтгэх бодит жишээ юм. Баянхонгор аймгийн Засаг даргаар ажиллаж байсан түүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газарт Зохион байгуулалтын хэлтсийн даргаар 2017 оны долдугаар сараас томилж, улмаар 2019 оны арваннэгдүгээр сард ЗХЖШ-ын Зэвсэгт хүчний бүтээн байгуулалт, дэмжлэгийн газрын дарга болгосон юм. Түүнийг ийнхүү томилсон нь батлан хамгаалах салбарынхны гол мөрддөг Цэргийн албаны тухай хуулийг зөрчжээ. Тодруулбал, уг хуулийн тавдугаар бүлгийн Цэргийн жинхэнэ алба хаах журам хэмээх дэд хэсгийн 19.3-т “Ажлын зайлшгүй шаардлага, мэргэжлийн онцлогийг харгалзан офицер, ахлагчийн алба хаагчид тавигдах ерөнхий шаардлагыг хангасан 35 хүртэлх насны иргэнийг офицерын, 30 хүртэлх насны иргэнийг ахлагчийн албанд авч болох бөгөөд офицер, ахлагчийн албанд авах уг иргэнийг цэргийн бэлтгэл, сургалтад хамруулна” гэжээ. 19.5-д нь “Алба хаах насны дээд хязгаарт хүрч цэргийн тэтгэвэр тогтоолгосон дээд офицер, офицер, ахлагч, энэ зүйлийн 19.3-т заасан наснаас хэтэрсэн цэргийн мэргэжил эзэмшээгүй иргэнийг офицер, ахлагчийн орон тоонд ажиллуулахыг хориглоно”, 19.7-д “Офицерын удирдах албан тушаалд цэргийн мэргэжил эзэмшээгүй иргэнийг ажиллуулахыг хориглоно” гэж цагаан дээр хараар бичсэн хууль батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчинд үйлчилж байна. Тэгвэл Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга, хошууч Д.Жаргалсайханы хувьд хуульд заасан насны хязгаар давчихаад байхад ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг томилчихсон байх юм. Өөрөөр хэлбэл, томилсон, томилогдсон албан тушаалтнууд хоёулаа хууль зөрччихөөд байна гэхэд хилсдэхгүй. Д.Жаргалсайхан Баянхонгор аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа өөрийгөө төрийн албанд ажиллаж байсан гэдгийг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Түүнд Д.Жаргалсайханыг 1976 оны долдугаар сард төрснийг тодотгожээ. Тэгэхээр 2019 онд томилогдсоноор нь тооцоход 43 настай Д.Жаргалсайханыг Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга болгож, хошууч цол олгосон байгаа юм. Өдгөө хошууч цолтой түүний удирдлага дор олон хурандаа, дэд хурандаа нар ажиллаж буй билээ. Түүнийг энэ албан тушаалд томилоход Төрийн албаны зөвлөл (ТАЗ)-ийнхөн ус балгасан мэт дуугүй байсан нь хачирхалтай. Магадгүй энэ томилгоонд төрийн өндөр албан тушаалтан нөлөөлсөн болохоор хууль зөрчиж байхад юу ч хэлэхгүй өнгөрсөн байхыг ч үгүйсгэхгүй.
Харин Д.Жаргалсайханд хошууч цол олгосон нь Монгол Улсын Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн баталсан Цэргийн цол олгох журмыг үндэслэсэн аж. Уг журмын 2.17-д “Иргэний байгууллагад ажиллаж байгаад дунд, ахлах офицерийн албан тушаалд томилогдвол албан тушаалын цолны зэрэглэлээс хоёр зэрэглэл доогуур цол олгож дараагийн цолыг олгохдоо энэхүү журмын хоёр дахь хэсгийн 14 дүгээрт заасныг баримтална. Хэрэв түүний албан тушаалын цолны зэрэглэл нь дээд офицерийнх байвал “хурандаа” цол олгож, албан тушаалын зэрэглэлийн цолыг 2-3 жил ажилласны дараа олгоно”, 2.14-т “Цэргийн албан хаагчийн офицерийн цол нь томилогдож буй албан тушаалын цолны зэрэглэлээс хоёр, түүнээс дээш зэрэглэл доогуур байвал түүний цэргийн цолыг эхний ээлжид нэг шат ахиулж дараагийн цолыг албан тушаалын доод зэрэглэлийн цол хүртэл дэс дараалан олгох бөгөөд гэхдээ цол олгох хоорондын хугацаа нь гурван жилээс доошгүй байна” гэж заасан байдаг юм. Харин хошууч Д.Жаргалсайханы хувьд Баянхонгор аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Дайчилгааны тухай хуулийн 28.1.1 дэх хэсэгт заасан “яамны төрийн нарийн бичгийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, Тамгын газрын дарга нарын цэрэг-стратегийн бэлтгэл сургалт дөрвөн жилд нэг удаа долоо хоног цэргийн бэлтгэлд хамрагдана” гэсний дагуу Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалт бэлтгэлийн төвд номын дуу сонсоод цэргийн бэлтгэл офицер болсон гэдэг. Уг нь Дайчилгааны тухай хуульд цэргийн цол олгох тухай заалт байхгүй ч БХЯ, ЗХЖШ-ын тухайн үеийн удирдах албан тушаалтнуудын шийдвэрээр цэргийн цол олгодог болсноор УИХ-ын гишүүд, ИТХ-ын болон Засаг дарга нар гээд эрээн хувцас өмссөн, цэргийн сургууль төгсөөгүй офицерууд олширсон. Үүнийг цар тахлын үеийн өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өнөө цагт олон нийт өдөр тутам харж буй билээ.
Эдгээрээс гадна Барилга-инженерийн цэргийн удирдах газарт хууль зөрчиж цэргийн цолыг үнэгүйдүүлэн олгох тохиолдол гардаг гэнэ. Цэргийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд цэргийн байгууллагын дарга, төрлийн цэргийн командлагч нь хурандаа цолноос бусад офицер, ахлагчийн анхны болон “сургагч ахлагч”, “тэргүүн ахлагч” цол олгож болохоор заасан. Гэтэл дээрх газарт үндэсний бөхийн улсын аварга агсны охин, өдгөө 50 нэлээд гарчихсан нэгэнд ахлах дэслэгч цол олгон ажиллуулж байгаа аж. Энэ нь Цэргийн албаны тухай хуулийн 11.5-д заасан “Эмэгтэйчүүд офицерын албыг цэргийн цол харгалзахгүйгээр 47 нас хүртэл хаана” гэснийг зөрчсөн үйлдэл юм. Энд зөвхөн батлан хамгаалах салбарын хууль тогтоомж зөрчигдөж буйг жишээ болгон дурдлаа. Барилга-инженерийн цэргийн удирдах газарт мэргэжлийн бус хүн цөөнгүй ажилд орсны олонх нь даргатайгаа нэг нутаг хэмээн ярих офицер, ахлагч нар олон. ТАЗ-өөс баталсан ажлын байрны тодорхойлолт, хуульд заасан мерит зарчим гэх зэргийг эш татвал бас л хууль зөрчсөн байх магадлалтай юм билээ.

Нэг байгууллагыг 10 гаруй жил удирдаж буй нь хууль зөрчсөн үйлдэл

Батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчинд хуулийг үл ойшоодог явдал байсаар буйн жишээ ганц дээрх ч биш. Монгол Улсын зэвсэгт хүчний үндсэн бүрэлдэхүүн нь Хуурай замын цэрэг гэж хэлж болно. Тус командлалын захирагчаар бригадын генерал Б.Амгаланбаатар 2015 оны арваннэгдүгээр сараас өнөөг хүртэл ажиллаж байгаа юм. 2016 оны есдүгээр сарын 1-нээс мөрдөж буй Цэргийн албаны тухай хуулийн 19.6-д “Цэргийн анги, байгууллагын захирагч, дарга, түүнээс дээших удирдах албан тушаалд цэргийн алба хаагч ажиллах хугацаа дөрвөн жил байх бөгөөд ажлын шаардлагаар нэг жилээс илүүгүй хугацаагаар сунган ажиллуулж болно” гэж заасан. Тэгэхээр нэг албан тушаалд дээд тал нь таван жил ажиллах эрх зүйн орчин нь нээлттэй болсон гэсэн үг. Тэгвэл бригадын генерал Б.Амгаланбаатарын хувьд таван жил гаруйн хугацаанд Хуурай замын цэргийн командлагчаар ажиллаж байгаа нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн явдал биш гэж үү.
Хуулийн дээрх заалт хэрэгжихгүй байгаа тохиолдол дээрх жишээгээр тогтохгүй. Батлан хамгаалах яаманд ч нэг бус бий. Зарим жишээг энд дурдъя. Батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчнийг улс орондоо төдийгүй тив, дэлхийд нэрийг нь дуурсгаж байдаг эд эс нь “Алдар” спорт хороо. Тус хорооноос олимп, дэлхий, тивийн медальтнууд олноороо төрсөн. Тэгвэл тус спорт хороог Монгол Улсын Гавьяат тамирчин, дархан аварга, хурандаа Г.Өсөхбаяр 2011 оны аравдугаар сараас хойш удирдаж байна. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай нэг нутаг, Архангайнх гэдгээрээ энэ албан тушаалд суусаар буй гэж яамных нь албан тушаалтнууд ярилцдаг. Хурандаа Г.Өсөхбаярын өмнө “Алдар” спорт хороог Ардын багш, хурандаа О.Балжинням аварга бас л 10 гаруй жил удирдсан билээ. Тэрбээр Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон учраас ийнхүү өөрчлөгдсөн түүхтэй. Харин өнөөг хүртэл “Алдар” спорт хорооны даргад Цэргийн албаны тухай хуулийн 19.6 дахь заалт үйлчлэхгүй байгаа нь хачирхалтай.
Мөн БХЯ-ны харьяа Батлан хамгаалахын төв архивын дарга, хурандаа З.Эрдэнэбат, БХЯ-ны хэлтсийн дарга, хурандаа О.Нямчулуун гэх мэтээр газар, хэлтсийн даргаар ажиллаж буй офицеруудыг жагсаавал цөөнгүй хүний нэр хөврөх аж. ЗХЖШ-т ч нэг бус албан тушаалтан бий гэдгийг олон хүн баталж буй.
Батлан хамгаалах хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах зэргийг эрхэм зорилгоо болгосон Батлан хамгаалах яамныханд хууль хамаагүй гэж үү. Сайд, бригадын генерал Г.Сайханбаяр зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн “Цэргийн операцыг төлөвлөх, явуулах арга зүй” сэдвийн хүрээнд зохион байгуулсан цугларалтад оролцож үүрэг, чиглэл өгөхдөө “Цэргийн бүх үйл ажиллагаа хууль, дүрмийн хүрээнд явагдах учиртай” хэмээсэн. Тэгэхээр батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчинд одоо мөрдөж буй Цэргийн албаны тухай хуулийн дээрх заалтуудыг сайдаасаа эхлээд бүх шатанд хэрэгжүүлж ажиллах ёстой бус уу.
ТАЗ-ийнхөн төрийн жинхэнэ албанд ажиллаж байгаа албан хаагчдыг Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах нийтлэг шаардлагуудыг хангаж байгаа, эсэхэд хүн нэг бүрээр нь хяналт, шалгалт хийхээ өнгөрсөн нэгдүгээр сард зарласан. Уг шалгалтаараа БХЯ, ЗХЖШ дахь Цэргийн албаны тухай хууль зөрчсөн, төрийн албаны мерит зарчмыг гажуудуулсан явдлыг тогтоож чадах, эсэхийг харах л үлдлээ. Магадгүй ТАЗ-ийнхөн хууль зөрчсөний хажуугаар дуугүй өнгөрч чадах л улс.