МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч доктор Д.Улам-Оргих хүүхдүүдийг вакцинжуулахгүй бол намар хичээл ороход халдварыг дахин алдах эрсдэл байгааг хэвлэл өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Мөн халдварт өртсөн хүүхдийн тоо 6,615-д хүрч, нийт халдвартай иргэдийн 20 хувийг эзлэх болсон нь 18 хүртэлх насны хүүхдүүд өвдөх, халдвар авах эрсдэл өндөр байгааг илтгэж байгаа.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хүүхдүүдийг коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтад хамруулах төлөвлөлтийг эхлүүлэхийг цахим хуудсаараа дамжуулан уриалжээ.

Уг нийтлэлд Pfizer, Moderna, Johnson-Johnson зэрэг компаниуд хүүхдийн вакцины туршилтууд амжилттай болж байгааг онцолжээ.

Манай Улс 0-18 насны 1,250,000 иргэнтэй. Энэ нь нийт хүн амын 35 хувь юм.

Улсын Онцгой комиссын төлөвлөгөөний дагуу

5 дугаар сарын 10-нд насанд хүрсэн хүн амын эхний тунг,

6 дугаар сарын 10-нд 2 дахь тунг хийж дуусгана

7 дугаар сарын дунд гэхэд хүн амын 60 орчим хувь бүрэн вакцинжуулалтад хамрагдах юм.

Гэхдээ насанд хүрсэн нийт иргэдээ дархлаажуулсан ч цаана нь үлдэж байгаа хүүхдүүдээ дархлаажуулж чадахгүй бол бид халдварыг бүрэн хумих боломжгүй юм.

Хэдийгээр Ковид хүүхдэд цөөн халдварладаг, бага хүндэрдэг, цөөн нас бардаг гэж мэргэжилтнүүд үзэж байгаа ч манай орны хувьд нийт өвчлөгчдийн 20 орчим хувийг хүүхэд эзэлж байна гэдэг нь бусад оронтой харьцуулахад өндөр үзүүлэлт юм.

Халдварын тархалтыг бүрэн хумихад насанд хүрэгчдийн вакцинжуулалт хангалттай биш гэж эрдэмтдийн баг зөвлөж байна.

Хүүхдүүдийн дунд өвчлөл ийм өндөр түвшинд байхад танхимын хичээлийг эхлүүлэх нь бусад эрүүл хүүхдүүдэд халдвар тархах, хичээлийг тогтвортой явуулах нөхцөлийг алдагдуулах, хөтөлбөр тасалдах зэргээр багш, эцэг эхчүүдэд олон бэрхшээлийг үүсгэж сургалтыг хэвийн явуулах боломжгүй болно. Хичээл хэзээ эхлэх вэ? гэсэн асуултад “тархалтыг зогсоосон тэр үед” гэсэн хариултыг одоогоор өгч чадахаар байна.

Тиймээс намар хичээл сургалтын үйл ажиллагаагаа хэвийн горимд шилжүүлэхийн тулд хүүхдийн вакцинжуулалтад өнөөдрөөс бэлдэх шаардлагатай байна.