Их богинохон хугацаанд олон хүний анхаарлыг татаж бизнес, эдийн засгийн салбар дахь шинэ дүр төрхөөр тодорч гарч ирсэн хүн бол яах аргагүй УИХ-ын гишүүн Ганибалын Амартүвшин байв.

 


Брюсселийн Европын Их сургуулийн бакалавр, Харвардад бизнесийн удирдлагаар мастерийн зэрэг хамгаалсан тэрбээр Казахстаны хамгийн том банкуудын нэг Жэй Эс Си Казкоммерс банканд Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч, Эрсдлийн газрын захирал хийж байсан юм. Ирсэн даруйдаа Хасбанкны Ерөнхий захирлаар ажиллаж байсан тэрээр эх хэлнээсээ гадна таван гадаад хэлээр чөлөөтэй ярьдаг. Г.Амартүвшин гишүүний боловсрол, мэдлэгийн өв нь түүний өвөг Их номч Бямбын Ринченгээс эхтэй гэлтэй.
Тэрээр багаасаа эмээ, өвөө дээрээ өсчээ. Энэ тухайгаа “Эмээ Р.Индра маань Хөдөө аж ахуйн Их сургуулийн ректор, өвөө Н.Жагварал маань Монголын анхны академич болсон хүн. Ринчен өвөөгийн хувьд би зээнцэр нь гэсэн үг. Өөрөөр хэлбэл эмээгийн маань аав. Эмээ, өвөө, аав, ээжийн маань гол захидаг байсан зүйл л боловсрол байв. Бага байхад Ринчен өвөөгийн номын өрөө гэхэд л гайхалтай байсан.

Маш олон хэл дээрх номын цуглуулгатай, ном бүр нь нарийн тэмдэг, тэмдэглэгээтэй. Тиймээс ч их багаасаа мэдлэгийн хүрээгээ тэлэхийн тулд гадаад хэл сурах ёстой, номтой ойр байх ёстой юм байна гэдгийг ойлгосон доо” гэжээ.