МУГЖ гэх нэр хүндтэй алдарт хүрээд удаагүй байгаа жүжигчин Д.Ганцэцэг “Ододтой бүжиглэе” шоуны шөвгийн 4-т үлдэж чадалгүй, мултрав.

Түүний энэхүү “ялагдал”-ыг түүний уран бүтээлийн найз УДЭТ-ийн жүжигчин Г.Амгаланбаатар зөвтгөж, найзыгаа өмгөөлөв. Тэрээр “Шинэхэн гавьяат Д.Ганцэцэг минь уг нь бүжиглэх ур чадвараараа илүү л дээ. Гавьяатаа аваад бужигнаад бүжгийн бэлтгэлээ бага хийсээн яалтчгүй” хэмээн бичжээ.


МУГЖ С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг болон Г.Амгаланбаатар нарын хувьд бага залуугаасаа нөхөрлөж, нэгэн цагт УДЭТ-ийн нүүр царай болж явсан жүжигчид. Театрыг уналттай байх үед “Надаар тоглосон хайр”, “Бооцоо” зэрэг жүжгээрээ тэсрэлт хийж, УДЭТ-ийг зорих үзэгчдийн тоог хэд дахин нэмж байсан авьяаслаг уран бүтээлчид.

Г.Амгаланбаатар нэгэн хэвлэлд ярихдаа “ Д.Ганцэцэг бол миний алтан партнёр. Гэхдээ алтнаас илүү миний бриллиант партнёр бол С.Болд-Эрдэнэ. Боогийтойгоо маш олон жүжиг, кинонд хамтран тоглож байсан. Тоглолт болох гээд тоглосон жүжиг, киноныхоо жагсаалтыг гаргатал ихэнх жүжиг, кинонд Боогийтой хамт тоглосон байна лээ” хэмээн ярьсан байдаг.
Ямартаа ч, театрын түүхийг бүтээж яваа нэгэн үеийн чадварлаг уран бүтээлчдээс Г.Амгаланбаатар гавьяатгүй хоцроод байна.