Хөл хориотой хоёр жилийн хугацаанд ард иргэдийн амьдрал уруудан доройтож, өрхийн орлого буурсныг хүн бүр мэдэж буй. Тэгвэл зарим нэр нөлөө бүхий эрхмүүдийн гэр бүлийн орлого, өөрийн орлого, хадгаламж зэрэг хөрөнгө орлого нь 2019 онтой харьцуулахад 2020 онд хамгийн их өссөн байна.


Өөрийн орлого нь тэрбум төгрөгөөр давж өссөн дөрвөн гишүүн байгаа бол гэр бүлийн орлого нь хагас тэрбум төгрөг буюу 500 сая төгрөгөөс илүү нэмэгдсэн гурван гишүүн байгааг доорх хүснэгтүүдээс харна уу. Өөрийн орлого хамгийн их өссөн гишүүн Б.Чойжилсүрэн байна.

Түүний орлого өнгөрсөн онд 4.9 тэрбум төгрөгөөр өсөж, 5.02 тэрбум төгрөг болсон бол Шадар сайд С.Амарсайханы орлого 1.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 1.8 тэрбум төгрөг болжээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын гэр бүлийн орлого 2020 онд 4.8 тэрбум төгрөгөөр өсөж 4.9 тэрбум төгрөг болсон бол Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн гэр бүлийн орлого 926 сая төгрөгөөр нэмэгдэж, 1.3 тэрбум төгрөгт хүрчээ.

Д.Сарангэрэл 2019 онд өөрийн орлого 30 сая төгрөг гэж мэдүүлж байсан бол жилийн дараа 34 сая төгрөг болж өссөн байна. Харин гэр бүлийн орлого нь 397 сая төгрөг байсан бол жилийн дараа ийнхүү 1 тэрбум 323 сая төгрөг болж өсчээ.

Харин хадгаламж нь 489 сая 857 мянган төгрөг байсан бол 495 сая 449 мянган төгрөг болж өссөн байна.