Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас дархлаажуулалт буюу вакцинд анхаарал хандуулж байгаа. Манай улсын хувьд дархлаажуулалтын хүрээнд 2021 онд Монгол улсын хүн амын 60%-д тус бүр 2 тун вакцин хийхээр төлөвлөж, Засгийн газраас 226 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байна. Эхний ээлжинд дараах төрлийн вакциныг Монгол улсад оруулж ирэх шийдвэр гаргасан. Үүнд:

  1. Их Британи-Шведийн “AstraZeneca” компани ба Оксфордын их сургуулийн эрдэмтдийн хамтран гарган авсан Ковид-19-ийн эсрэг AZD1222 вакцин
  2. АНУ-ын Pfizer ба Германы “BioNTech” компаниудын хамтран бүтээсэн “BNT162b2” вакцин
  3. БНХАУ-ын “Синофарм” компани, Бээжингийн биотехнологийн хүрээлэнгийн хамтран гарган авсан “BBIBP-CorV” вакцин
  4. Ковид-19-ийн эсрэг хамгийн анхны вакцин гэгдэх ОХУ-ын “Спутник-V” /ГамКОВИД-Вак/ вакциныг тус тус тарьж эхлээд байгаа.

Манай улсын хувьд вакцинжуулалтын ажил явагдаж байгаа бөгөөд  үүнтэй зэрэгцэн гуравдугаар тунг хийж эхлэх талаар яригдаж байв.Тухайлбал, Эрүүл мэндийн яамны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр: “Монголын эрдэмтэд бидний тариулсан дөрвөн төрлийн вакциныг хооронд нь харьцуулж хамгийн үр дүнтэй вакцинаар тарих ерөнхий чиг баримжаатай байна. Одоогоор Бахрайн, Бутан, Канад, Итали, Өмнөд Солонгос, Тайланд, АНЭУ зэрэг улс вакцины гуравдугаар тун хийхээр төлөвлөж байгаа” гэж 2021-07-28-ны өдөр мэдэгдэж байв. Түүний энэ ярианаас үзэхэд манай улсад зөвхөн гурав дугаар тунг тарих судалгаа хийгдэж байна гэх бодол төрүүлсэн.

Мөн 2021-08-06-ны өдөр ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр ньюс.мн сайтад өгсөн тайлбартаа “Гурав дахь тунгийн асуудлыг дэлхий нийтээр гэхээс илүүтэй ганц хоёрхон улс орон санал хүргүүлсэн. Тухайлбал, Израиль улс өнгөрсөн долоо хоногоос 60-аас дээш насны иргэдээ нэмэлт тунд хамруулж эхэлсэн. Харин Герман, Британи зэрэг орнууд санал хүргүүлсэн. Монгол Улсын хувьд нийт хүн амын 60 орчим хувь л вакцины хоёр тунг хийлгэсэн байна. Тиймээс энэ сард багтаж гуравдугаар тунг нэмэлтээр хийж эхлэхгүй. Ямартай ч судалгааны ажлуудыг шат дараатайгаар хийж байна. Одоогийн байдлаар ДЭМБ болон вакцин үйлдвэрлэгч компаниудын зүгээс албан ёсоор зарласан зүйл байхгүй. Хүмүүс вакцин хийлгэх юм бол аюулгүй, дархлаа тогтоно гэж ойлгодог. Гэхдээ халдвар хамгаалалтын дэглэмийг сахихгүй бол хэн ч халдвараар өвчилж болохыг батлагдсан тохиолдлууд харуулж байна. Гуравдугаар тунг хийлгэсэн ч халдвар авахгүй гэсэн баталгаа байхгүй. Тиймээс тархалтын явц, нөхцөл байдлыг харгалзаж, хүн амын дийлэнх хувь нь хоёрдугаар тундаа хамрагдсаны дараагаар энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх байх. Түүнээс олон улсад зөвшөөрсөн зүйл байхгүй байхад Монгол Улс судалгаан дээр тулгуурлаад дур мэдэн нэмэлт тун хийнэ гэж болохгүй шүү дээ. Судалгааны ажил ч ганцхан сарын дотор хийгдэнэ гэж байхгүй. Тэгэхлээр энэ сард нэмэлт тун хийхгүй гэж бодож байна.”

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ “COVID-19”-ийн вакцины гурав дахь тунг тарьж эхлэх хугацааг наад зах нь ирэх есдүгээр сарын эцэс хүртэл хойшлуулахыг уриалсан.

Өөрөөр хэлбэл дэлхий улс орнуудаас зөвхөн хоёр нь л III тунгийн асуудлыг хөндөж байхад манай улс дэлхийд тэргүүлж, III тунг тариад эхэлжээ. Үүнийг Эрүүл мэндийн сайдын тушаал баталж байна.

Цагдаа, онцгой, эмнэлэг, мэргэжлийн хяналынханд хийж буй  Астразенека вакцины  вакцины ерөнхий болон хэсэг газрын хариу урвалууд болох толгой өвдөх, булчингаар өвдөх, үе мөчөөр өвдөх, халуурах, тарьсан газар өвдөх шинж тэмдэг 10 хүн тутмын 1-д тохиолдож болох ба шинж тэмдгүүд ихэвчлэн хөнгөнөөс дунд зэргийн, залуу хүмүүст (55-аас доош насны) хүмүүст илүү тохиолдож байсан байна. Европын холбооноос гаргасан баримтанд анафилаксын урвал 11.7 сая хүнд 234 тохиолдсон гэж тэмдэглэсэн байна. Мөн Европын хэд хэдэн улс тархины цусны бүлэгнэлийн тохиолдлыг бүртгэж, АстраЗенека вакциныг хэрэглэхийг түр зогсоосон байна. Европт нийт 5 сая гаруй хүн энэхүү вакциныг хийлгэснээс 30 дээрх тохиолдолыг бүртгэгдсэн байна. 2021 оны 4 сарын 7-нд Европын холбоо Астразенека вакцины хариу урвалд маш ховор тохиолдох тархины судасны битүүрлийг бүртгэсэн. Судалгаанд архаг суурь өвчтэй хүмүүс оролцсон бөгөөд судалгааны үр дүн эрүүл хүмүүстэй адил байсан  байна.  Тохиромжтой тун хоорондын зайг бүрэн судалж дуусаагүй бөгөөд одоогийн байдлаар улс бүр харилцан адилгүй хугацаагаар 2 дахь тунг хэрэглэж байна.

Эндээс дүгнэхэд ковид-19 цар тахлын  III тунга тариулж буй анхдагч улсуудын нэг нь манай улс болж байх шиг байна. Гэхдээ бүрэн гүйцэт туршаагүй байхад Эрүүл мэндийн сайд тушаал гаргаад эмнэлэг, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын ажилчдыг туршилтад явуулчихлаа гэх “хар хор”-ын бодол ч эрхгүй төрүүлж байна.

Цагдаа, онцгой байдал тушаалаар л хөдөлдөг байгууллага. Тэдэнд хийлгэхгүй гэх эрх ч байхгүй тул ийнхүү цагдаа, онцгой, эмнэлгийнхэн болон мэргэжлийн хяналтын ажилчдаараа “туг тахиж” байх шиг…

Дэлхий нийт, Ази тив, Монгол улсын хэмжээнд эхний тундаа ч хамрагдаагүй байхад ийнхүү III тунг яаран хийх болсны шалтгаан юу вэ? Эрүүл мэндийн сайд аа? Үүнийг мэдсэн ч мэдээгүй дүр эсгэсэн Л.Баттөр захирал аа?

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа