Аргаа барах хэцүү. Энэ зовлонг амсаж яваа хүмүүсийг харахаар өрөвдөөд байдаг юм. Хэдэн сарын өмнө хоёр бүсгүй намайг эрж сурсаар уулзав.

Хаана, хэнд хандахаа мэдэхээ байсан компанийн захирал эмэгтэй, түүний ажилтан гэх тулгар биетэй бүсгүй хоёрын яриаг сонсоод дуугүй өнгөрч чадалгүй “Гал, ус мэт харшсан газрын маргаан, луйврын үнэн төрх” нэртэй нийтлэл бичиж билээ.

Нийтлэл гарсны дараа “- Танд баярлалаа. Асуудал их нааштай байгаа” гэж утсаар талархахад нь “-Овоо доо, хөөрхийс” гэж бодоод өнгөрсөн. Гэтэл нааштай юм үгүйг “Зууны мэдээ” сонины шинэхэн дугаар гарчиглаж байгаад олж мэдэв.

“Богд-Асар” ХХК-ийн захирал Д.Анхжаргалаас Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан бичсэн захидлыг тус сонин наймдугаар сарын 30-ны дугаартаа нийтэлжээ.

Жирийн нэг компанийн захирал арга нь тасраад Улсын ерөнхийлөгчид хандана гэдэг “Аргаа барсан хүүхэд аавынхаа толгойг маажих”-ын үлгэр яалтгүй мөн дөө.

 

Тус компани орон сууц, үйлчилгээний цогцолбор барихын тулд 2007 онд төсөл сонгон шалгаруулалтад оролцон, хуулийн дагуу 25,0 га газар эзэмших эрхтэй болж, дуудлага худалдааны 3.3 тэрбум төгрөгийг нь төлчихсөн атлаа ажлаа эхлүүлэх нь бүү хэл, хууль ёсны дагуу авсан газраа алдахдаа тулан хохирч яваа зовлонгоо тэд Ерөнхийлөгчид илгээсэн захидалдаа тодорхой өгүүлжээ.

Энэ захидлыг уншихад Монголын бизнес эрхлэгчдэд тохиолддог саад тотгор, тэдгээрийн буруутан тодорхой харагдана. МАН-ын тодорхой улс төрчид, нийслэлийн Засаг даргын албыг хашиж байсан, хашиж байгаа зарим хүний шударга бус үйлдэл, шүүхийн мафижсан тогтолцоо, төрийн байгууллагынхны увайгүй үйлдэл, “ар сайтай компанийн аархал” гээд мөн ч олон зүйл эндээс уншигдах аж.

“Богд-Асар” ХХК-д олгосон 25,0 га газар нь “Туурайн төвөргөөн” ХХК-ийн 140,0 га газартай давхацсан гэх маргаанаас асуудал анх үүсжээ.

Кадастрын мэдээллийн сангийн бүртгэлийг будлиулах замаар ийм давхцал санаатайгаар үүсгэсэн нь газрын дээрмийн нэг хэлбэр юм. Хууль бусаар байршил, зориулалтыг нь ижил болгочихсон мөртлөө Төрөөс энэ хоёр компанид хандах хандлага өдөр шөнө мэт ялгаатай. Хоёр компанийн газартаа хандах хандлага ч бас өдөр шөнө мэт өөр аж.

Төр “Богд-Асар”-аас 1 амметр газрын төлбөрийг 132 төгрөгөөр тооцон авна. “Туурайн төвөргөөн” болохоор 1 амметр газарт 80 төгрөгийн төлбөр төрд төлнө. “Богд-Асар” 25,0 га газрыг 3.3 тэрбум төгрөгөөр дуудлагаар авч, төлбөрөө хийсэн бол “Туурайн төвөргөөн” 140,0 га газрыг 3.6 тэрбум төгрөгөөр авч, түүнийхээ 1.1 тэрбум төгрөгийг л төлжээ. “Богд-Асар” өөрсдийн бий болгосон хуримтлал, зээл, зарим нь амьдардаг байр, орон сууцаа хүртэл банкны барьцаанд тавин байж тус газрыг худалдан авсан ч бүтээн байгуулалтаа эхлүүлж чадахгүй, шат шатны шүүхэд хандсаар 14 жилийн нүүр үзэж, эцэст нь газраа алдахад хүрчээ.

Гэтэл “Туурайн төвөргөөн” болохоор 1 га газрыг 1.3 тэрбум төгрөгөөр үнэлэн хэсэгчлэн зарсан байна. Нэг нь хохирч, нөгөө нь хожихын уг шалтгаан эцсийн эцэстээ төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, нарийн яривал нэр бүхий тодорхой хэдхэн хүмүүстэй холбогдоно.
Ер нь “Туурайн төвөргөөн” ХХК-д олгосон 140,0 га газрын асуудал анхнаасаа ихээхэн будлиантай. Жирийн иргэн 0.7 га газраа олж авч чадахтай үгүйтэй байхад төрийн албан хаагч С.Отгонбат гэгч “Туурайн төвөргөөн” ХХК-ийг үүсгэн байгуулж 140 га газар эзэмшиж байгаад 2011 онд тус компаниа газрын хамтаар одоогийн захирал Ж.Бямбабаатарт шилжүүлсэн үйлдэл нь төрөөс тэрбумтнууд төрдөг нэг арга механизмыг илчлээд байх шиг. 140,0 га-г бүгдийг нь зарж чадвал хэр их мөнгө болохыг толгойтой болгон бодож чадна.

 

Богд-Асар” ХХК-ийн захирал Д.Анхжаргал: “- Одоо энэхүү хууль бус ажиллагааг Нийслэлийн Засаг Дарга Д.Сумъяабазар, НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг, хуулийн хэлтсийн дарга Б.Мөнгөншагай нар үргэлжлүүлж, манай “Богд-Асар” ХХК-д өмнө олгосон НЗД болон шүүхийн шийдвэрт заагдсан байршлаас өөр газар ХУД-ийн 21-р хороонд Морингийн даваанд 25,0 га газар олгосон гэх захирамжийг газрын албанд мэдэгдэлгүйгээр гаргасан.

Ингэснээрээ “Туурайн төвөргөөн” ХХК-ийн хууль бус дээрмийн ажиллагааг хамгаалж, манай компанийг санаатайгаар хохироож байна. Тухайн газарт бодит байдалд сул чөлөөтэй газар байхгүй, кадастрын зураггүй тул тус захирамж нь бодит хөрсөнд буугаагүй “агаар”-ын шинжтэй байгаа нь бид бүхнийг басамжлан доромжилсон байдлаар гаргасан нь илт байна.

Энэхүү хууль бус ажиллагаанд Монгол Ардын Намын хэсэг бүлэг хүмүүс оролцож шүүх, прокурор, АТГ-тай хуйвалдан газрын наймаа хийж байгаа нь бодит үнэн” гэж Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандсан захидалдаа өгүүлсэн байна билээ.
Монгол Улсын шүүх, Авилгатай тэмцэх газар зэрэг үнэн мөнийг олж тогтоох ёстой байгууллагууд нь хөдөлж өгдөггүй, тэр бүү хэл “Богд-Асар” ХХК-ийн гомдлыг шийддэг дагнасан шүүгчидтэй, тэднээс татгалзах хүсэлтийг нь хүлээж авдаггүй болчихсон нөхцөлд төрийн тэргүүндээ хандахаас өөр нээрээ яах ч билээ дээ.

Төрийн нэр барьсан дарамт сүрдүүлэг, луйвар, дээрмээс бизнесийн салбарынхан ангижирч чадвал улс орны минь эдийн засаг дорхноо л сэргэнэ. “Шударга ёс-Хариуцлагатай төр-Шударга нийгэм”-ийг бий болгохын төлөө ажиллана хэмээсэн амлалтаа хэрэгжүүлэхийн тулд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч эгэл жирийн иргэдийнхээ энэ мэт хүсэлт, гуйлтад анхааралтай хандана байхаа хэмээн найдаж байна.

Монгол төрийн эд эрхтэн болгонд үсэрхийлсэн “хорт хавдар”-ыг анагаахын төлөө тэмцэлд хүчээ нэгтгэх хүсэл зориг шударга үнэнийг эрхэмлэгч хүн болгонд байгаа болохоор Төрийн тэргүүний зүгээс шийдвэртэй алхам хийвэл уухайлан дэмжих нь харин мадаггүй үнэн шүү.

Урианхан Б.Галаарид