Монголын крипто, форекс арилжааны коммюнитигийн төлөөлөл болох Мөнхжин, Эрхэмээ, Гантиг болон комедиан Идэр-Од нар хамтран IHC (Inflation Hedging Coin) хэмээх койныг гаргасан нь олныг хуйлруулсан. Койн тус бүрийг 30 мөнгөөр үнэлсэн нь иргэдэд мөнгөө өсгөх итгэл найдварыг илүү төрүүлсэн гэхэд болно.

Нэн тэргүүнд койн гэж юу гэдэг ойлголтыг өгөх нь зөв. Өөрөөр хэлбэл, койн гэдэг нь цахим худалдаа бөгөөд биет бус мөнгө гэж энгийн үгээр тайлбарлаж байгаа. Энэ нь зах зээлд шинээр бий болсон цахим мөнгөний талаарх ойлголт бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт өнөөг хүртэл маргаан дагуулсаар. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооноос анхааруулга гаргаж, “Сүүлийн үед зарим нэр бүхий санхүүгийн компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтыг нэмэгдүүлэх, харилцагчдаа хямдруулалтын боломж олгох зорилготой гаргасан урамшууллын оноо нь зохицуулалтын бус арилжааны хэрэгсэл буюу койн, криптовалют болж, тухайн урамшууллыг гаргасан компанийн хөрөнгө, хувьцаа хэлбэрээр баталгаажиж байгаа гэх мэдээллийг олон нийтэд түгээж байгаа нь буруу ташаа ойлголтыг төрүүлж болзошгүй” хэмээсэн. Мөн хууль зүйн зохицуулалтыг хийхээр судлаж байгаагаа илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, тухайн урамшууллын оноо /койн, криптовалют/-г дижитал бирж, дижитал банк гэх арилжааны системээр дамжуулж худалдах, худалдан авах боломжтой ба ирээдүйд үнэ цэн өснө гэх зэргээр олон нийтийн санхүүгийн мэдлэг дутмаг байдлыг ашиглаж, эрэлтийг бий болгох нь эргээд эд хөрөнгийн хохирол учруулахуйц нөхцөл байдлыг бий болгох эрсдэлтэй гэсэн сануулгыг өгсөн юм.

Нөгөөтээгүүр, цахим мөнгө нэртэй луйвар байж болох уу гэх асуултыг ч олон хүн сошиал орчинд сануулсаар буй. Их койн гаргасан залуус энэ бүгдэд тайлбар өгөлгүй, иргэдийг тайван хүлээлттэй байхыг зөвлөж байна.

Монгол Улс цар тахалтай тэмцэж, иргэд, аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн хямралд орсон. Тиймээс амраар мөнгө олох гэсэн иргэд, хамаг байгаа мөнгөөрөө койн худалдан авч буй юм. Аж ахуйн нэгжүүд дампуурлаа зарлаж, олон мянган хүн ажлын байргүй болж байгаа энэ цаг үед “форекс” О.Мөнхжин тэргүүтний хийж буй ажил нэг хэсгийг нь хязгааргүй баяжуулж, нөгөө хэсэг бүлгийг юу ч байхгүй үлдээх эрсдэл рүү түлхэх вий гэсэн болгоомжлол байгааг ч нуух юун.