Хорт хавдрын оношилгоо, эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх тухай Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 03 тоот тогтоол 2021 оны 03-р сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн билээ. Ингэснээр хавдрын мэс засал, туяа, химийн бай эмчилгээ зэрэг өндөр өртөгтэй, өвчтөн болон түүний ар гэрийнхэнд санхүүгийн дарамт үүсгэдэг тусламж үйлчилгээг иргэд 100 хувь ЭМД-аар авдаг болсон юм.

Энэхүү тогтолцооны өөрчлөлт зөвхөн иргэд, үйлчлүүлэгчдэд таатай нөлөөлөөд зогсохгүй төсвийн санхүүжилттэй эмнэлгийн байгууллагын хөгжил, дэвшилд эерэг үр дүн авчирч байна.

Хавдар судлалын үндэсний төв нь 03-р сараас эхлэн төсвийн санхүүжилтээс даатгалын санхүүжилт рүү шилжсэн найман сарын хугацаанд ажлын үр дүнгийн үзүүлэлт сайжирсан байна. Энэ хугацаанд КОВИД-19 цар тахлын улмаас ХСҮТ бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадаагүй ч үндсэн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлж ирсэн бөгөөд сар бүрийн ажлын гүйцэтгэлээр сайн гэж дүгнэгджээ.

Өнгөрсөн долдугаар сараас эхлэн нийт ажилчиддаа үндсэн цалингийн 20%-тай тэнцэх урамшууллыг сар бүр тогтмол олгож байна. Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын гүйцэтгэлээр олсон орлогоос ажилтан бүрд 2021 оны эхний 10 сарын байдлаар ажилласан хугацааны тооцоолол дээр үндэслэн 500.000-600.000 хүртэлх төгрөгийн нэмэлт цалинг 10-р сарын үндсэн цалин дээр нэмж олгон урамшууллаа.

Эдгээр үр дүнгүүд нь эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг улам боловсронгуй болгох, эмнэлгийн байгууллагыг төсвийн санхүүжилтээс удирдлага зохион байгуулалтын хагас бие даасан тогтолцоонд шилжүүлэх, эмнэлгийн ТУЗ-ийг байгуулах зэрэг шийдлээ хүлээж буй олон ажлууд бодитоор хэрэгжиж эхэлснээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, өргөжүүлэх, эмнэлгийн ажилчдын хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлсийг нэмэгдүүлэх, эмнэлэг хараат бус бие даан хөгжих өргөн боломж байгааг харуулж байна.

КОВИД-19 цар тахлын хүнд цаг үед ажилчиддаа эдийн засгийн дэмжлэг үзүүлсэн ХСҮТ-ийн удирдлагуудад БАЯРЛАЛАА.