Мөрөөдлийн театрын захирал Г.Эрхэмбаярыг танихгүй мэдэхгүй хүн ховор. Уран бүтээлээс гадна хувийн амьдралаараа шуугиан тарьдаг тэрээр багаасаа бөхөөр хичээлдэг байжээ.

Энэ тухайгаа “Өвөө маань бөхөд дуртай хүн байсан юм. Намайг бөх болгоно гэж үргэлж ярьдаг байсан л даа. Өвөөгийн маань хүсэл сүүлдээ миний сонирхол болсон. “Алдар нийгэмлэг”-т чөлөөт бөхийн секцэнд дөрөв, таван жил хичээллэсэн юм. Ахлах ангид ороод чөлөөт бөхөө орхисон. Аравдугаар ангиа төгсөх хүртлээ дээд сургуульд орно гэж огт бодож байгаагүй. Төгссөн чинь гэнэт л дээд сургуульд орох хэрэгтэй болсон. Манай ангийнхан орох сургуулиа ярилцацгаагаад эхэлдэг юм. Би ч нээрээ юу болох билээ гэж бодоод тэр орой нь гэртээ хариад ээжтэй ярилцсан. Ээж ааваараа яриулаад Батлан хамгаалахын дээд сургуульд орох уу гэж асууж байна. Аав цэргийн хүн л дээ. Сүүлдээ гэр бүлээрээ ярилцаж байгаад ээжийн удамд урлагийн хүн байдаг гэдэг дээр тогтлоо. Тэгээд л жүжигчин болъё гэж шийдчихсэн. СУИС-ийн шалгалтад өөрийнхөөрөө бэлдээд хэдэн дуу, шүлэг цээжлээд орлоо. СУИС-ийн шалгалтад эхний дүрдээ тэнцсэн, хоёр дахь дүрдээ бас тэнцлээ. Дараагийн шатанд монологи үзүүлэх байсан юм. Тэрийг нь мэдэхгүй болохоор СУИС-д тэнцээгүй. Батлан хамгаалахын дээд сургуульд оръё доо гэж бодоод Жуковын музейн автобусны буудал дээр бууж хойшоо гэрлүүгээ алхаж байтал “Зохиомж” дээд сургууль операторын анги, жүжигчний ангид элсэлт авч байна гэсэн бичиг олж харсан. Нэгэнтээ л жүжигчний ангид оръё гээд зориод явж байсан юм чинь гээд шууд ороод шалгалт өгөөд тэнцсэн” хэмээн ярьж байсан удаатай.