УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг даяар дуурсагдах далай даян, дархан аварга Б.Бат-Эрдэнэ гэдгээр монголчууд илүү хайрлаж хүндэлдэг.

Тэрээр Улсын заан Барамсай гуайн хүргэн бөгөөд хаана ч хадам аавынхаа тухай дурсах дуртай гэнэ лээ.


Тэрээр нэгэн ярилцлагандаа “Миний хадам аав Хэнтий аймгийнхаа нэрийг гаргаж байсан хүн шүү дээ. Улс хувьсгалын 40 жилийн ойгоор зургаа давж шууд улсын заан болсон хүн. Хүүхэд байхаас л нутгийнхан Барамсай зааныг их ярьдаг. Тиймээс Барамсай зааныг харах юмсан гэж боддог байсан. “Хүч” нийгэмлэгт байхад 1985 оны намар Дамдин багш маань намайг дуудаад “За аймгийн төв явна аа. Аймагт очиж барилдаан зохион байгуулна. Нутгийн Барамсай заан зодгоо тайлж чамд өгнө. Чамайг ирээдүйтэй гэж үзэж өөрийнхөө дараагийн бөх болно гээд зодгоо тайлж өгч байгаа юм. Их хариуцлагатай барилдаан болно шүү” гэсэн. Тэр үед аавын маань бие нь тааруухан байсан. Ааваас асуугаад зөвшөөрөхөөр нь явсан. Ингэж анх удаа Барамсай зааныг харж байлаа. Тэр ёслолын барилдааны гурвын даваанд намайг амлаж аваад зодог шуудгаа тайлж өгсөн. Барамсай зааны охин миний гэргий Болормаа Бандихүү гээд айлд үрчлэгдсэн хүн шүү дээ. Хадам аав маань жолооч хүн байсан. Тээвэрт олон удаа хамт явсан. Манай хадам аав их хөдөлмөрч, шуурхай, цагаан цайлган, шударга зантай, эр хүний сайхан зан суртахууныг хадгалсан сайхан хүн байсан даа. Ноднин Хэнтий аймгийн Батноров сумын ИТХ, Засаг дарга Тайванжаргал иргэдийн хурлаар шийдвэр гаргаж шинэ баригдсан спортынхоо заалыг зааныхаа нэрэмжит болгосон. Тиймээс бид гэр бүлээрээ 2020 онд заалныхан өмнө гэрэлт хөшөө босгосон” гэжээ.