УИХ-аас энэ оны дөрөвдүгээр сарын 29-нд Төрийн хэмнэлтийн хууль баталсан. Үүний дагуу зарим агентлаг орлогч дарга нараа цомхотгож эхэлсэн билээ. Нийслэлийн Засаг дарга ч Ж.Сандагсүрэн, З.Төмөртөмөө, Б.Сүхбаатар, Р.Дагва, Б.Одсүрэн, П.Баттөр гэсэн зургаан орлогчоосоо хоёрыг нь үлдээхээр төлөвлөж буй ч хараахан шийдээгүй л байна. Олны таамаглаж буйгаар эхний гурваас хоёр нь үлдэх магадлал тун өндөр юм билээ. Нийслэлийн Засаг даргын орлогч нарын хэн нь хэн бэ гэдгийг тунгаахын тулд хамгийн анхдагч нээлттэй мэдээлэл болох АТГ-ын цахим хуудас дахь төрийн албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийн бүртгэл байдаг http://xacxom.iaac.mn/ цахим хуудсаар зочиллоо. Дээрх зургаан орлогчийн дөрөв нь 2016 оноос хойш төрийн албан тушаал хашиж байсан учраас хугацаандаа ХАСХОМ-ээ бүртгүүлж байжээ. Харин Б.Одсүрэн 2020 онд томилогдсон учраас тухайн оныхоо ХАСХОМ-ийг мэдүүлсэн бол П.Баттөр нь энэ жилийн эхнээс ажилд томилогдсон болохоор мэдүүлгийнх нь мэдээлэл хараахан цахим санд ороогүй бололтой.

Ийнхүү судалж байтал нэгэн хачирхалтай гэмээр мэдээлэл олж харав. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч, НОК-ын даргаар гэнэт томилогдсон цагдаагийн хурандаа Рэнцэндоржийн Чингис зөвхөн 2015 онд л ХАСХОМ-ээ бүртгүүлж байжээ.

ХОМ харах холбоос: http://xacxom.iaac.mn/?last_name=%D1%80%D1%8D%D0%BD%D1%86%D1%8D%D0%BD%D0%B4%D0%BE%D1%80%D0%B6&org_id=&org_names=&first_name=%D1%87%D0%B8%D0%BD%D0%B3%D0%B8%D1%81&position_name=&year=&fbclid=IwAR3xCacUvpAmscPrNaYCS_D2DxeVZzIToFX8VaZlP6LSSl-9f8Vsfru4btQ

Уг нь тэрбээр 2014-2016 онд Цагдаагийн ерөнхий газрын дарга, 2012 оноос тус газрын дэд дарга, түүнээс өмнө Эрүүгийн цагдаагийн газрын дарга, хэлтсийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан нэгэн. Авлигын эсрэг хуулийг УИХ 2006 онд баталж, дараа жилээс нь ХАСХОМ бүртгэж эхэлснээс хойших хугацаанд зөвхөн 2015 оных нь мэдээлэл байгаа юм. Бусад онд нь төрийн тусгай албан тушаал хашиж байсан энэ хүн ХАСХОМ-ээ ямар учраас гаргаагүй нь хардлага дагуулж байна.

Хамгийн сүүлд Р.Чингис 2021 оны хоёрдугаар сарын эхээр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчийн албан тушаалд томилогдоод мөн оны аравдугаар сарын 20-доор чөлөөлөгдсөн. 2021 оны хоёрдугаар сарын 9-нд уг албан тушаалд томилогдсон гэхээр тухайн сарынхаа 15-ны дотор буюу хуулийн хугацаанд 2020 оны ХАСХОМ-ээ бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй байх нь. Өдгөө тэрбээр Дотоодын цэргийн штабын даргын албан тушаал хашиж, төрийн тусгай албандаа эргэж ороод буй. 2021 оны ХАСХОМ-ээ гаргасан, эсэх нь АТГ-ынхан уг мэдээллийг зарлахаар тодорхой болох нь гарцаагүй. Уг нь Төрийн албаны тухай хуулийн 37.1.7-д “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 37.1.11-т “Холбогдох хуульд заасан журмын дагуу ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг зохих байгууллагад мэдүүлэх” үүрэгтэй гэж заасан. Мөн Авлигын эсрэг хуулийн 4.1.1-т “Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан”, 4.1.2-т “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч” өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Дотоодын цэргийн штабын даргаар ажиллаж буй хурандаа Р.Чингисийн хувьд төрийн тусгай албаны удирдах албан тушаалтан. Засаг даргын орлогчоор ажиллахдаа төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан байсан. Үүнээс үзэхэд яалт ч үгүй ХАСХОМ-ээ мэдүүлэг үүрэгтэй байх нь. Төрийн албаны тухай, Авлигын эсрэг хуулийн холбогдох заалтыг зөрччихөөд байгаа хүн төрийн тусгай алба, тэр дундаа Дотоодын цэргийн штабын даргаар ажиллаж байгаа нь хачирхалтай. Хууль сахиулах байгууллагын нэг бус удирдах албан тушаалд ажиллаж буй хүн ийнхүү хууль зөрчин ХАСХОМ-ээ бүртгүүлэхгүй суугаад хариуцсан салбарын сайд Х.Нямбаатар, ЦЕГ-ын удирдлага хяналт тавьдаггүй юм уу.

Түүний 2015 онд бүртгүүлсэн ХАСХОМ-ээс үзэхэд нэг орон сууцтай, “Хийморьлог шонхор”, “Мегаментал” ХХК-ийн 11 болон 15.75 хувийн хувьцааг эзэмшдэг гэсэн байна. Бидний авсан мэдээллээр хүүхдүүдийнхээ нэр дээр Сүхбаатар дүүргийн нутаг, Монгол-Оросын хамтарсан III сургуулийн дэргэд орон сууцтай, Хан-Уул дүүрэгт “Ривер гарден” хотхонд байртай, мөн “Оргил” рашаан сувиллын орчимд хувийн сууцтай, хүүхдүүдийнхээ нэр дээр автозогсоол, орон сууц, газар бий аж. Түүнийгээ бүртгүүлдэггүй нь үндэслэлгүй хөрөнгөжсөн эд хөрөнгөө мэдүүлэхээс зайлсхийдэг юм биш биз гэсэн хардлага дагуулж буй юм. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.5-д “Хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг хэлэхээр тусгасан. Тэгэхээр хамаарал бүхий этгээд болох хүүхдүүдийнхээ хөрөнгийг мэдүүлэг үүрэгтэй байтал тэдгээрийгээ ч мэдүүлдэггүй нь хууль зөрчсөн үйлдэл гэлтэй. Өөр нэг анхаарал татсан мэдээлэл байгаа нь Хан-Уул дүүргийн нутаг, “Оргил” рашаан сувиллын орчимд байдаг хувийн сууцаа 2017 оны өвөл төрсөн эгчийнхээ охинд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн аж.

Зургийн тайлбар: “Оргил” рашаан сувиллын орчимд байдаг хувийн сууц. Уг сууцыг 2017 оны өвөл төрсөн эгчийнхээ охинд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. 

Авлигын эсрэг хуульд “Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд мэдүүлгээ мэдүүлсний дараа хөрөнгө, орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээгээр өөрчлөгдсөн бол түүнийг тухай бүр 30 хоногийн дотор мэдүүлнэ” гэж хуульчилсан байдаг. Хэдийгээр Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Р.Чингис 2017 онд төрийн албан тушаал хашиж байгаагүй болохоор бэлэглэлийн гэрээгээр садан төрлийнхөө хүнд хаусаа өгөөд түүнийгээ бүртгүүлэх шаардлагагүй л байх л даа. Гэвч төрийн албан тушаал хашиж байсан болон байгаа үедээ ХАСХОМ-ээ ганцхан удаа бүртгүүлсэн нь хардлага дагуулах болов. Хууль зүй, дотоод хэргийн яам, АТГ, цагдаа, дотоодын байгууллагынхан нь үүнд анхаарлаа хандуулан шалгаад олон нийтэд мэдээлвэл шударга ёсонд нийцэх биз ээ.

А.Баярмаа