Налайх дүүргийн нэгдүгээр хороо, Туул голын шинэ гүүрний доод талд 13 настай хүүхэд Туул голын усанд осолдсон тухай дуудлагыг өчигдрийн 14:57 цагт онцгой байдлын албаныхан хүлээн авсан байна.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 10 минутад очиж Баянзүрх дүүргийн харьяат 13 настай хүүхдийг эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Улмаар Туул голын эргээс гурван метр зайд, гурван метрийн гүнээс гурван минут ажиллаж цогцсыг олж гарган тус дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

Мөн Завхан аймгийн Тэлмэн нуурын усанд хоёр том хүн, нэг хүүхэд, Архангай аймгийн Өгий нуурт нэг хүн осолдож, нас барсан хэмээн Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.

Амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд та бүхэн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ:

гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх,
бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх,
аян замд явахдаа сайн мэдэхгүй гол мөрний усанд орохгүй байх,
тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.