Монголын улс төрийн намууд улам л цус ойртож байна. Үзэл баримтлал, бодлого зарчим дээр биш ураг төрөл болоод халаас нэгтэй улс төрчид нам, нам дамнаж амьдарч байна. Гэр бүлийн бизнес, эрх ашгаа хамгаалахын тулд олон нам сонгосон “олон ургальч” гэр бүл гэр бүлүүдийг танилцуулъя.

Ц.Цэрэнпунцаг-МАН & Э.Долгион-АН
/Хадам эцэг, хүргэн хүү/


Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг Завхан аймагт МАН-аас нэр дэвшихээр болсон бол түүний “шинэхэн” хүргэн хүү Э.Долгион /Блүүмберг/ Сүхбаатар дүүрэгт АН-аас нэр дэвшихээр болоод буй. Тэд ураг төрлийн холбоотой болсноо ихээхэн нууцлаж буй.

Ямар сайндаа л, тэднийг хадам хүргэн болсныг зарласан хэвлэлүүдийг цагдаад өгч, шалгуулж байхав.

П.Батчимэг-АН& Б.Ганхөлөг-АН

/Авга эгч, ач дүү/


УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсны охин дүү П.Батчимэг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр ажилладаг бөгөөд “АПУ Трейдинг” ХХК-ийн захирлын албыг давхар хашдаг. Тэгвэл тэрээр өдгөө АН-аас Дорнод аймагт нэр дэвшихээр болсон.

Харин түүний ач дүү буюу Г.Батхүү агсны том хүү Б.Ганхөлөг аавынхаа төрсөн нутаг болох Өвөрхангай аймагт мөн л АН-аас нэр дэвшихээр болоод байгаа

Тэдний энэхүү улс төрд орсон шалтгааныг учир мэдэх хүмүүс АПУ компаний бизнестэй холбон тайлбарлаж буй.

Харин Б.Ганхөлөгийн хувьд аавыг нь амь насаа алдахад нөлөөлсөн эрх бүхий хүмүүсийг олж, шударга шүүхийг хүсч буйгаа илэрхийлээд буй.

Б. Наранхүү-АН & Б.Саранчимэг-МАН
/Төрсөн эгч, дүү/


Монголын парламентад төрсөн эгч дүү хоёр хамтдаа сонгогдсон анхны тохиолдол 2016 оны сонгуулиар бий болсон. Дүү нь Дундговь аймгаас, эгч нь Баянзүрх дүүргээс сонгогдсон. Энэ 2020 оны сонгуулиар тэд хэн хэн нь буйр сэлгэсэнгүй, тус тусынхаа тойрогт дахин сонгуульд хүч үзнэ.

Дүү Б.Наранхүү Ардчилсан намынх бол эгч Б.Саранчимэг нь МАН-ынх. Өөр, өөр намын гишүүд мөн ч үзэл бодлын хувьд тэд эгч дүү.

Н.Энхбаяр& Э.Батшугар

/Төрсөн эцэг хүү/


МАХН-ын дарга Намбарын Энхбаяр энэ жил Баянгол дүүрэгт нэр дэвших бол түүний хүү Энхбаярын Батшугар МАХН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээр болоод буй. Эцэг хүү хоёрын хувьд өмнөх сонгуулиар хамт УИХ-д нэр дэвшиж байгаагүй.
Учир нь Н.Энхбаярыг тухайн үеийн эрх баригчид УИХ-д нэр дэвших бүрэн эрхийг хязгаарласан байсан юм.

С.Баярцогт&П.Мөнхтулга

/Худ ураг/

УИХ-ын гишүүн асан С.Баярцогтыг танихгүй хүн ховор. Түүнийг нөгөө л Оюутолгойн гэрээ, Швейцарын банкан дахь оффшор данс…гэх мэтээр цоллодог. Тэрээр Сэлэнгэ аймагт АН-аас нэр дэвшихээр болсон.

Харин С.Баярцогтын том хүүгийн хадам ах Ө.Мөнхтулга мөн л АН-аас Архангай аймагт нэр дэвшиж байна.

2016 оны сонгуулийн дараах намар С.Баярцогтын хүү “Хөх чоно” группын Ө.Пүрэвбаатарын охин П.Оюунтөгстэй гэрлэж, хүргэн орсон.

Тухайн үед шинэ хүргэн нь хадам аав Ө.Пүрэвбаатараас алтан эмээл хуримын бэлгэнд авсан тухай шуугиж байв.

Ө.Пүрэвбаатарын том хүү П.Мөнхтулга Архангайд дэвшинэ.