Хөөрхий дөө, ЭРЧҮҮД

“Аав хүн айл гэрийн сүр сүлд билээ. Аавыг ороод ирэхэд гэр дүүрч, гараад явахад ханхайж үлддэг. Монгол айлд аавын аяга, аавын суудал гэж бий. Аавын эзгүйд аяганд нь өдөр бүр цайны дээж хийж тавина. Аавыг ирэхэд хүүхдүүд хөөр баяраар бялхана. Өрх гэрийн өмөг түшиг аавд таван шинж байдаг.

Алсын хараа, холч ухаан, өршөөнгүй сэтгэл, эв найр, эрхэм ёслол…” гэж бага ангийн хуучин унших бичгийн “Аав” хэмээх бяцхан эхэд дурдсан нь бий. Энэ хэдхэн өгүүлбэр монгол эрчүүдийн үнэ цэн, эцэг хүнийг хүндэлж, дээдлэхийг сургасан, гүнзгий утгатай санж.

Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд монгол айлд аавын аяга хоосорч, суудал нь эзгүйрэх болов. Өмөг түшиг болсон ханийгаа, үр хүүхдээ, ойр дотнынхноо орхиод хадан гэрээ “зорих” нь олшров.

Орчин цагийн эрчүүд XXI зууны өвчинд нэрвэгдэж байна. Жил ирэх тусам эрүүл мэнд нь доройтож, богино наслах болсныг судалгааны олон баримт гэрчилж буй.

Эмэгтэйчүүдийн дундаж нас нэмэгдэж, 75.4 болсон бол эрчүүд тэднээс 9-10 жилээр цөөн насалж байна. Дэлхийн аль ч оронд эмэгтэйчүүд арай олон жил амьдардаг ч насны зөрүү нь манайхаас зургаагаар цөөн байдаг.

2018 онд улсын хэмжээнд 17 331 хүн нас барсны 60.2 хувь нь эрэгтэй. Энэ нь дээрх тоо баримтыг баталж буй хэрэг. Өөрөөр хэлбэл, монгол эрчүүдийн эрүүл мэнд, нийгмийн асуудал, амьдралын буруу дадал, хэв маягийг нь өөрчилж, сайжруулах цаг ирсний дуут дохио энэ буюу. Хэдий болтол залуусыг түрүү булчирхайнаас өөр эрхтэнгүй мэтээр бодож, сэтгэж явах билээ.

Хайнга, хэнэггүй зан, хорт зуршлаас нь болж эрчүүдэд өвдөхгүй эрхтэн гэж үгүй болжээ. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Л.Насанцэнгэл “Монгол эрчүүдэд архаг ядаргаа, нойргүйдэл, архинд донтох эмгэг, сэтгэл гутрал ихээхэн тохиолдож байгаа”-г онцолсон.

Эрчүүдийн 7.5 хувь нь үргүйдэлтэй гэсэн судалгаа ч байна. Тамхи, архийг хэтрүүлэн хэрэглэх, химийн хорт нөхцөлд ажиллах, бэлгийн замын халдварт өвчин туссан нь үүнд голлон нөлөөлжээ. 20-45 насны эрэгтэйчүүдийн 80 хувь нь түрүү булчирхайн үрэвсэлтэй. Өрх гэрийн ноён нуруу, улс орны тулгуур багана болсон эрчүүд хөөрхий, өвчний “үүр” болж гүйцсэн нь энэ.

Арваннэгдүгээр сарын 19 буюу Эрэгтэйчүүдийн олон улсын өдрийг манайхан саяхнаас тэмдэглэх болсон. Төрийн болон хувийн хэвшлийн хэдхэн байгууллага энэ өдөр эрчүүдийн эрүүл мэндийн талаар хэлэлцсэн болоод өнгөрдөг “уламжлалтай”. “Анхаарах цаг болжээ. Нэгдсэн бодлого, шийдвэр хэрэгтэй. Асуудлыг шийдэх шаардлагатай” гэх мэт албаны үгээр хурлаа хаагаад, дараа жил болтол тэднийг таг мартчихдаг.

Монголын эрэгтэйчүүдийн холбооныхны өнгөрсөн онд хийсэн судалгаанд “Эрчүүдийн эрүүл мэндийн асуудал анхаарал татаж байна. Хамгийн гол нь осол, гэмтлийн улмаас нас барах тохиолдол сүүлийн таван жилд эрс нэмэгдсэн. Мөн зүрх, судасны өвчинд нэрвэгдэх боллоо. Энэ нь зохисгүй хооллох, амьдралын буруу хэвшил, хорт зуршлаас шалтгаалж байна. Түүнчлэн 15-35 насныхны дунд бэлгийн замын халдварт өвчин их байна” гэжээ.

Тус холбооны гишүүн, доктор М.Туул Улаанбаатар, төв, баруун, зүүн, говийн бүсийн эрчүүдийн эрүүл мэндийг нарийвчлан судалсан байна. Суурьшлын бүсээс нь хамаараад тэдний 24-76 хувь нь ямар нэгэн өвчинтэй байж. Түгээмэл тохиолдож буй эмгэгт нүд, чих ба хөхлөг сэртэнгийн үрэвсэл, дотоод шүүрэл, бодисын солилцоо, зүрх, судас, шээс, бэлгийн тогтолцоо, гэмтэл, хордлого ба гаднын шалтгаант бусад өвчин эзэлж буй аж. Мэргэжилтнүүдийн санааг зовоож буй өөр нэг эмгэг нь цусны эргэлтийн тогтолцооны өвчин. Энэ эмгэг 20-29 насныханд 9843, 40- 49-тэй хүмүүст үүнээс гурав дахин их тохиолдож байгаа гэнэ.

Манай улсын хүн ам 3.2 саяд хүрээд буй. Уг нь охид, хөвгүүдийн харьцаа 100:105 буюу эрэгтэй хүүхэд олон төрдөг ч амьдралын явцад эмэгтэйчүүдээсээ түрүүлж “нүд аньдаг” учраас ахмад настнуудын дунд эрчүүдийн эзлэх хувь тун бага.

Монгол эрчүүдийг хамгийн их туйлдуулж буй өвчин нь хорт хавдар. Жилд дунджаар оношлогдсон хүмүүсийн 78.3 хувь нь өвчнийхөө III, IV шатанд эмнэлэгт ханддаг. Нас барсан тохиолдлын 82.4 хувь нь хавдартайгаа мэдсэнээс хойш ганцхан жил амьдардаг нь харамсалтай. Тодорхой хэлбэл, 10 000 эрэгтэй тутмын 15.06, мөн тооны эмэгтэйчүүдийн 11.08 нь хорт хавдраар нас эцэслэж байна. Эрчүүд элэг, ходоод, уушги, гуурсан, улаан хоолой, бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдраар нас барах нь олширсныг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн судалгаанаас харж болно.

Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд “2030 он гэхэд ядуурлын бүх хэлбэрийг эцэс болгож, монгол хүний эрүүл, урт удаан амьдрах нөхцөлийг ханган, дундаж насыг 78-д хүргэнэ” гэж “мөрөөдсөн” байдаг. Манайх дэлхийн улсуудаас дундаж наслалтаараа 159 дүгээрт бичигдэж буй. Эл үзүүлэлтийг урагшлуулж, эхний 70 орны нэг болох зорилт тавьсан. Эрчүүдийнхээ эрүүл мэндийг тордохгүйгээр уг зорилтод хүрнэ гэдэг “үлгэр” болох биз ээ.

“Муу л бол хойд талын хар овоохой” гэгчээр өнгөрсөн онд сүрьеэгийн 3498 тохиолдол бүртгэгдсэний 55 орчим хувь нь, ХДХВ/ДОХ-той хүмүүсийн 81 хувь нь бас л эрэгтэй. Амиа хорлогсдын 84.7 хувь нь мөн л залуус. Гэмтэл, хордлого ба гаднын шалтгаантай бусад эмгэгийн улмаас амбулаторид үзүүлж, эмчлүүлсэн түвшин эмэгтэйчүүдээс нэг дахин их байна. 2017 онд 510 гаруй мянган хүн эрт илрүүлэх үзлэгт хамрагдсаны 42 хувь нь эрчүүд. Тэдний олонх нь эмнэлгийн мэргэжилтний зохион байгуулсан тусгай дуудлагаар ирсэн. Энэ нь эрчүүд барагтай л бол сайн дураараа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаггүй гэсэн үг.

ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтсийнхний хэлснээр сүүлийн жилүүдэд цэргийн албанд тэнцэх залуус цөөрчээ. Жилд дунджаар 60 гаруй мянган хүн үзлэгт хамрагддагаас 35-43 хувь нь эрүүл мэндийн ямар нэгэн шалтгаанаар цэргийн албанд тэнцдэггүй байна. Үүнд мэс засал, дотор, чих, хамар, хоолой, сэтгэц мэдрэл, нүд, илүүдэл жин, амны хөндийн өвчин дээгүүр байр эзэлжээ. ЭХЭМҮТ-ийн Өсвөр үеийн клиникийн эрхлэгч М.Мөнххишиг “Насанд хүрэгчдэд зонхилон тохиолдож буй чихрийн шижин, таргалалт, зүрх, судасны болон халдварт бус өвчний суурь шилжилтийн насанд 80 хувь нь тавигддаг” гэж хэлсэн. Эцэг, эхчүүд хөвгүүддээ багаас нь эрүүл, зөв амьдрах ухааныг зааж өгдөггүй нь үүнтэй холбоотой. “Чи яах вэ, муу эгч, дүү чинь эмэгтэй юм” гээд хүүгээ хаячихдаг нь үнэн. Эгээтэй л төмрөөс бүтсэн гэдэггүй байх.

Нөгөөтээгүүр, улс орон, өрх гэрийн хамаг л хүнд хүчир ажлыг эрчүүд нугалдаг. Уул уурхай, зам, барилга зэрэг бүтээн байгуулалтад, цэрэг, цагдаа гээд хүчний байгууллагад ажиллагсдын 80 гаруй хувь нь эрчүүд тул мэргэжлээс шалтгаалсан өвчинд тэд хамгийн түрүүнд өртдөг. Өнөөдөр улс даяар Цэргийн баяр гэж цээжээ дэлдэхээс урьтаж, залуусынхаа эрүүл мэндэд гойд анхаарч, дорвитой ажил өрнүүлэхгүй бол улсын маань тулгуур багана болсон эрчүүд үрэгдээд дуусах нь. Бүхнийг өөрийн хүчээр болгож, бүтээхийн төлөө явдаг тэднийгээ хаяа ч болов хайрлаж, эрүүл мэндэд нь анхаарцгаая, бүсгүйчүүд ээ. Нэг ч монгол айлд аавын аяга хоосорч, суудал нь эзгүйрэхгүй байгаасай.