Манай улсын нийслэл Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлж буй талаар УИХ-ын дарга асан З.Энхболд өөрийн цахим хуудаснаа нийтлэв.
Угтаа У.Хүрэлсүхийн Засгийн газар гарч ирснээсээ хойш зоригтой шийдвэр гаргаж, 2017 оны 98 дугаар тогтоолоор 5 зорилт бүхий “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталсан.

Энэ хүрээнд өнгөрсөн 2018 оны тавдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан нь бодит үр дүнд хүрсэн.
Тухайлбал, 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 3 дугаар сар хүртэлх Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлт буюу агаар дахь PM2.5 тоосонцрын дундаж агууламж нь 2016-2017 оныхоос 52 хувиар, 2017-2018 оныхоос 48 хувиар, 2018-2019 оныхоос 41 хувиар бага байгааг албаныхан хэлж байгаа.

Агаар орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 2019 онд 21 сургууль цэцэрлэг, 15 төрийн байгууллагыг цахилгаан, байгалийн хий, газрын гүний дулаанд холбож түүхий нүүрс түлдэг эх үүсвэрийг халж жилд 6650 орчим тонн түүхий нүүрсний хэрэглээг бүрэн зогсоожээ. 2020 онд 20 сургууль, цэцэрлэгийг байгалийн хий, цахилгаанаар халааж эхэлсэн байдаг.

Гэвч агаарын чанарын үзүүлэлт хамгийн муу гарсаар байгаад гэр хорооллыг орон сууцжуулах шаардлага нэн тэргүүнд тавигдаад байна.